Евро бүсийн инфляцын түвшин энэ оны 4-р сард 7 хувьд хүрч өсөөд байсан бол өнгөрөгч 5-р сард 6.1 хувьд хүрч буурчээ. Европын Төв банкны бодлого тодорхойлогчид инфляцын түвшинг 2 хувьд хүргэхийг эрмэлзэж байгаа тул ирэх сард бодлогын хүүгээ дахин өсгөх төлөвтэй байна.
Евро бүсийн инфляцын түвшин Украины дайн эхэлснээс хойш тогтвортой өсөж өнгөрсөн оны сүүлээр хоёр оронтой тоонд хүрээд байсан юм. Харин 2023 он гарснаас хойш хэрэглээний үнийн индекс эдийн засагчдын тооцоолж байснаас илүү буурч, цаашид ч мөн буурах төлөвтэй байгаа нь Европын ард түмнийг үнийн өсөлтийн дарамтаас бага зэрэг чөлөөлж байна гэж ажиглагчид үзэж байна.
Түүнчлэн эрчим хүч, хүнсний хэрэглээний сагсанд багтаалгүйгээр тооцдог суурь инфляцын үзүүлэлт мөн хүлээгдэж байснаас илүү буюу 5.6- аас 5.3 хувьд хүрч буурсан байна. Ийнхүү инфляц буурахад Европын тэргүүлэх эдийн засагтай орнуудад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ сүүлийн 12 сарын доод үзүүлэлтэд хүрсэн нь голлон нөлөөлжээ. Өнгөрөгч 5-р сард Герман улсад шатахууны үнэ хямдарч, нийтийн тээврийн зардал буурсан нь мөн инфляц буурахад нөлөөлсөн гэж үзжээ. Үүнээс гадна Европ даяар агаарын температур дулаарч, таатай байгаа нь ч эрчим хүчний зардлыг хэмнэхэд эергээр нөлөөлсөн байна.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд инфляцын өсөлт дээд цэгтээ хүрсэн ч Европын ажил олгогчид хүнд хэцүү үеийг даван туулахын тулд ажилчдынхаа цалин хөлсийг нэмэгдүүлэх хариу арга хэмжээ авсан юм. Гэхдээ Европын улс орнуудын олон сая айл өрх амьжиргааны өртгийн хямралд нэрвэгдсэн хэвээр байгаа тул инфляцыг 2 хувиас доош оруулах нь Европын Төв банкны шийдвэрлэх нэн тэргүүний асуудал болж байна. Үүнтэй холбогдуулан Европын Төв банкны дэд ерөнхийлөгч Луис Де Гуиндос “Инфляцыг сааруулах, бууруулах асуудалд ялалт байгуулсан гэж би хэлж чадахгүй. Дайны нөлөөгөөр үнийн өсөлтийн дарамт айл өрхүүдэд хүндрэл үүсгэсээр байгаа тул цаашид олон арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байна" хэмээн хэлжээ.