Монгол улсын нийт хүн амын 1.3 сая нь 17 хүртэлх насны хүүхэд байна

Одоогоос 70 гаруй жилийн өмнө Парис хотноо олон улсын эмэгтэйчүүдийн холбооны бага хурлаас 6-р сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн Эрхийг Хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан. Харин Монгол улс 1952 оны 6-р сарын 1-ний өдрийг “Хүүхдийн баяр”-ын өдөр болгон тэмдэглэж, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд анхаарах болсон юм. Монгол улсад өсөж торниж буй нийт хүүхдийн талаарх тоон мэдээллийг нарийвчлан хүргэе.

  • Монгол улсын нийт хүн амын 1.3 сая буюу 36.2 хувь нь 17 хүртэлх насны хүүхэд байна. Үүнээс нийслэл Улаанбаатар хотод нийт 520.000 гаруй хүүхэд өсөж торниж байгаа юм.
  • Монгол улсын нийт хүүхдийн 51.2 хувь нь эрэгтэй, 48.8 хувь нь эмэгтэй байна.
  • Харин хөгжлийн бэрхшээлтэй 0-17 насны 11.000 гаруй хүүхэд байгаа бол хагас өнчин 36.000, бүтэн өнчин 2900 гаруй хүүхэд байгаа юм.
  • Мөн 2022-2023 оны хичээлийн жилд 1 сая хүүхэд цэцэрлэг, сургуульд хамрагджээ.

НҮБ-аас баталсан Хүүхдийн Эрхийн конвецид манай улс 1990 онд нэгдсэн. Тус конвенцид бүх эрх ашгаас дээгүүр хүүхдийн эрх ашиг байна хэмээн тунхагласан байдаг. Гэтэл манай улс конвенцийн дагуу хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж чадахгүй байгааг бид бүхэн харж байна. 2022 оны Дэлхийн хүүхдийн эрхийн индексийн судалгаанаас харахад Монгол улс 185 улсаас 97 дугаар байранд орсон байгаа юм. Үүнээс харвал Монгол улс нь Хүүхдийн эрхийн талаар бодлого шийдвэрээ чиглүүлэх шаардлагатай байгаа юм.