Улаанбаатар марафон 8 дахь жилдээ зохион байгуулагдлаа

Улаанбаатар марафон энэ жил 8 дахь жилдээ зохион байгуулагдлаа. Энэ удаагийн  марафон нь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, хагас, бүтэн марафонд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гүйлтийн төрлийг нэмснээрээ онцлог болж байна.

Тус өдөрлөгт 100 гаруй аж ахуйн нэгж, 500 гаруй сайн дурын ажилтан, нийт 30 орны 20 мянга гаруй хүн оролцлоо. Марафон  5, 10 , 21 , 42 км-н гүйлтийн замуудад зохион байгуулагдсан юм.

Энэ удаагийн марафонд 11-90 орчим насны иргэд оролцсон байна. Тэд марафонд түрүүлэхээс илүүтэйгээр оролцох нь амжилт гэдгийг онцолж байсан юм.

Улаанбаатар марафон нь өмнөх жилүүдэд гүйлтийн тэмцээн хэлбэрээр зохион байгуулагддаг байсан бол энэ жил өдөрлөг болон өргөжсөн юм. Өдөрлөгийн үеэр эмч, мэргэжилтнүүдээс эрүүл мэндийн зөвлөгөө, үйлчилгээ авах, бүх төрлийн спортын клубүүдэд 20-65 хувийн хөнгөлөлттэй үнээр бүртгүүлэх, эрүүл мэнд, спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудтай танилцах  зэрэг боломжийг бүрдүүлсэн байна