“Art Fair-2023” виртуал үзэсгэлэнгээс дүрслэх урлагийн 1000 гаруй бүтээлийг үзэх боломжтой

Жил бүрийн 5-р сарыг Дүрслэх урлагийн сар болгон зарлаж, 5-р сарын 24-нөөс 31-ны өдрүүдэд art Fair үзэсгэлэн худалдааг Соёлын яам, Монголын урчуудын эвлэл хамтран зохион байгуулсан. Энэхүү үзэсгэлэн нь анх удаа 21 аймгийн уран бүтээлчдийг хамруулж, тэдний бүтээлийг сурталчлах, дүрслэх урлагийг эдийн засгийн эргэлтэд оруулж байгаагаараа онцлог болсон байна. Тэгвэл үзэсгэлэн үзэж амжаагүй үзэгчдэд зориулж Art Fair виртуал үзэсгэлэнг нээжээ.

“Art Fair-2023” үзэсгэлэн худалдаанд 150 гаруй уран бүтээлчийн керамик урлал, уран зураг, баримал, медиа арт зэрэг дүрслэх урлагийн бүх төрлийн 1000 гаруй бүтээлийг дэлгэсэн юм. Эдгээр бүх бүтээлийг Art Fair виртуал үзэсгэлэнгээс үзэх боломжтой байна. Үзэгч Монголын урчуудын эвлэлийн фэйсбүүк хуудас дахь виртуал галлерейн холбоосд дарж орсоноор үзэсгэлэнд нэвтэрнэ. Өөрийн хүссэн уран зураг, баримал бүтээлийн харах хэсэгт дарж орсоноор уран бүтээлчийн танилцуулгыг ч үзэх боломжтой байна.

Засгийн газраас соёлын бүтээлч үйлдвэрлэлийн 12 чиглэлийг тодорхойлж тэргүүлэх 6 чиглэлийг баталсны нэг нь Дүрслэх урлагийн салбар юм. Уг салбарыг олон нийтэд таниулж, эдийн засгийн засгийн эргэлтэд оруулах нь соёлын бүтээлч үйлдвэрлэлийн ДНБ-нд эзлэх хувийг өсгөхөд тодорхой ач холбогдолтой гэж салбар яам болон зохион байгуулагчид үзэж байна. Мөн энэ долоо хоногтоо багтаан Art Week үзэсгэлэнг виртуал орчинд зохион байгуулахаар төлөвлөжээ.