Архитектурын шинэ шийдэл бүхий мэргэжлийн театртай болсноор уран бүтээлчдийн бүтээлч чадвар нэмэгджээ

Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театр шинэ байранд үйл ажиллагаагаа явуулаад нэг жил болжээ. Энэ хугацаанд тайзнаа цөөнгүй жүжиг тоглож үзэгчдийн хүртээл болгосон байна. Олон улсын стандартад нийцсэн, архитектурын шинэ шийдэл бүхий мэргэжлийн театрын байранд орсноор бүтээлч чадвар нь нэмэгдсэнийг уран бүтээлчид хэлж байна. 

Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театрын барилгыг орон нутгийн төсвийн 14.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 850 хүний суудалтай, 7 давхар барилгатай дүйх хэмжээний 4 давхар архитектурын шийдэлтэйгээр шинээр барьж, байгуулсан юм. 2022 оны 6-р сард нээлтээ хийснээс хойших хугацаанд 2 дуулалт жүжиг, 4 моно жүжиг, 2 хүний нэг жүжиг, хүүхдийн 4 жүжгийг тайзнаа тоглож, үзэгчдийн хүртээл болгожээ.

Шинэ театрын тайз, үйлчилгээний стандарт сайжирсан тул орчин үеийн театрын жүжигт нэвтэрч байгаа бүтээлч үйлдвэрлэл, тайз, дэлгэц, гэрэлтүүлэг, зай талбайг бүрэн ашиглах боломжтой болжээ. Энэ ч утгаараа уран бүтээлчдийн бүтээлч чадвар, бүтээл туурвих хүсэл эрмэлзэл нэмэгдсэн гэдгийг хэлж байсан юм. Мөн үзэгчдэд тав тухтай орчинг бүрдүүлсэн учир аливаа арга хэмжээ жүжиг тоглоход суудал дүүрэн байдаг байна.

Өмнөговь аймаг нь аялал жуулчлалтын бүс нутагт хамаардаг учир улирлын онцлогт тааруулан хуваарьт тоглолтыг тогтмолжуулах талаар аймгийн засаг дарга болон холбогдох албаныхантай зөвшилцөж байгаа юм байна. Мөн говь нутгийн түүх, соёл уламжлал, ёс заншил, амьдралын хэв маягийг харуулах шинэ бүтээл, тайзны жүжгийг тоглохоор төлөвлөжээ.