Украины армийн удаан хүлээлгэсэн сөрөг давшилт эхэлснийг Киевийн тэргүүн Володимир Зеленський өнгөрөгч бямба гарагт мэдэгдсэн байна. ОХУ-ын зэвсэгт хүчин сүүлийн хэдэн долоо хоногийн турш Украины газар нутаг руу пуужин болон нисгэгчгүй сөнөөгч онгоцоор цохилт өгсөн ч эзлэн түрэмгийллийг сөрж, газар нутгаа чөлөөлөх давшилт эхэлснийг В.Зеленський онцолсон байна.
Түүнчлэн Ази номхон далайн аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалтад оролцсон Украины Батлан хамгаалахын Дэд сайд Володимир Гаврылов сөрөг давшилттай холбоотой мэдэгдлийг хийсэн байна. Тэрбээр ОХУ-ын стратегийн гол баазуудыг устгах нь нэн тэргүүний зорилт гэдгээ онцолсноос гадна Украины арми харилцаа холбоо, зэр зэвсгийн нөөцөө нэмэгдүүлсэн тул сөрөг давшилт нь амжилтад хүрэх нь цаг хугацааны асуудал гэдгийг цохон тэмдэглэжээ.
Түүнчлэн Гаврылов ОХУ-ын зэвсэгт хүчин өнгөрсөн 5-р сард баллистик пуужингаар цохилт өгсөн явдлыг "Стратегийн сүүлчийн дайралт" гэж тодорхойлсон байна. Мөн Украины агаарын довтолгооноос хамгаалах систем ОХУ-ын зэвсэгт хүчний пуужингуудын 90 гаруй хувийг амжилттай устгаснаа онцолжээ.
Үүнээс гадна ОХУ-ын хөлсний гэрээт цэргийн Вагнер группийн тэргүүн Евгений Пригожин ээлжит удаагаа Кремлийн удирдлагуудыг хурцаар шүүмжилжээ. Тэрбээр ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Жанжин штабын ерөнхий командлагч Валерий Герасимов нарыг “Ямар ч ажил хийх чадваргүй” хүмүүс хэмээн мэдэгджээ. Мөн Е.Пригожин Оросын элит хүрээллийн гэр бүлүүд түүнийг устгах гэж удаа дараа оролдсон төдийгүй тэдгээр хүмүүс Орос улсыг устгах зорилготой аюултай тоглоомоор тоглож байгаа гэж тэрбээр анхааруулжээ.