Нийслэлд жилд дунджаар 1.4 сая тонн хог хаягдал үүсдэг байна

Дэлхийн нийт хуванцар хаягдлын 90 хувийг дахин ашиглахгүйгээр хаяж байна. Харин Улаанбаатар хотод жилд дунджаар 1.4 сая тонн хог хаягдлыг үүсдэг бол улсын хэмжээнд 3.7 сая тонн хог хаягдлыг бий болгодог байна. Үүнээс ердөө 30 орчим хувийг нь дахин боловсруулж, үлдсэн хэсгийг нь булж, шатаадаг.

Хуванцар хог хаягдал нь өөртөө маш олон төрлийн бичил биетнүүдийг агуулдаг бөгөөд биологийн аргаар задрахдаа эдгээр бичил биетнүүд нь дэлхийн дулааралд нөлөөлөхүйц метан буюу хүлэмжийн  хийг ялгаруулдаг байна. Улмаар 100-450 жил хүртэлх хугацаанд  байгальд шингэж хүний эрүүл мэнд байгаль орчинд сөргөөр нөлөөлсөөр байгаа юм.

Манай улсад 70 орчим хог хаягдал боловсруулах үйлдвэр үйл ажиллагаагаа явуулдаг. Үүнээс 30 орчим нь хуванцар хаягдал дахин боловсруулах чиглэлээр ажиллаж байна. Улсын хэмжээнд жилд дунджаар 3.5 сая тонн хог хаягдал гардгаас үүнээс 30 орчим хувийг нь дахин боловсруулдаг юм байна.  

Өндөр хөгжилтэй гаднын улс орнууд хог хаягдлынхаа 95 орчим хувийг дахин боловсруулж ашигладаг байна. Хогийг дахин боловсруулан ашиглахад ангилж хаях нь чухал юм. Иймд холбогдох байгууллагуудын зүгээс хүүхдийг багаас нь эхлэн хогийг ангилан хаяхад сургах нөлөөллийн ажлыг зохион байгуулж байгаа гэсэн юм.

Цаашид хог дахин боловсруулах  чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрүүдийг зарим төрлийн татвараас чөлөөлөх, хөнгөлөлттэй зээлд хамруулах зэргээр төрөөс бодлогоор дэмжих шаардлагатай байгааг холбогдох албаныхан хэлж байна.