Украины арми зүүн фронтын шугам дагуу буюу дайны халуун цэг болоод байгаа Бахмут хотын ойр орчимд давшилтаа эрчимжүүлж байна. Энэ талаар тус улсын Батлан хамгаалахын дэд сайд Ханна Малиар даваа гарагт мэдэгдсэн төдийгүй энэ нь Украины армийн удаан хүлээсэн сөрөг давшилт нь байж магадгүй гэж шинжээчид таамаглажээ.
Өнгөрөгч даваа гарагт ОХУ-ын Зэвсэгт хүчний хяналтад байгаа Донецк муж руу Украины арми довтолсон ч үр дүнд хүрээгүй тухай Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгджээ. Харин Украины Батлан хамгаалахын дэд сайд Ханна Малиар “Дайсны хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан ч тулааны дараа манай дайчид газар нутгийнхаа зарим хэсгийг эзлэн түрэмгийлэгчдээс амжилттай чөлөөлж чадлаа” хэмээн мэдэгджээ. Түүний хэлснээр Украины арми Орехово, Васильевка тосгоны 1.6 километр газар нутгийг чөлөөлж чадсан бол Ивановка, Клещёвкад 1 километр газар нутгаа өөрсдийн хяналтад оруулжээ. Эдгээр дөрвөн тосгон нь дайны халуун цэг болоод байгаа Бахмут хотоос ердөө хэдхэн километрийн зайд оршдог байна.
ОХУ-ын Вагнер группийн хөлсний цэргүүд Бахмут хотыг хяналтдаа оруулсан гэж өнгөрсөн сарын сүүлээр мэдэгдсэн. Харин сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд Украины арми Бахмут хотыг хамгаалах бус тойруулан бүсэлж, дайснаа урхинд оруулах тактик хэрэглэж байна гэж шинжээчид тооцоолж байна. Украины эрх баригчид сөрөг давшилтаа эхлүүлнэ хэмээн удаа дараа мэдэгдэж байсан ч чухам хэзээ эхлүүлэх талаараа урьдчилан сануулахгүй гэдгээ онцолж байсан юм.
ОХУ-ын Батлан хамгаалах яам, Кремлийн зүгээс Украины давшилтыг няцааснаа сүүлийн өнгөрсөн хоёр хоногийн хугацаанд ээлжлэн мэдэгдсэн юм. Мөн Оросын зэвсэгт хүчин Украины 300 орчим цэргийг хөнөөж, 28 танк, түүний дотор германд үйлдвэрлэсэн 8 ширхэг “Leopard” taнкийн устгаснаа мэдэгдэж байсан юм. Гэхдээ Өрнөдийн хэвлэл мэдээллийн байгууллагууд уг мэдэгдлийг баримтаар хараахан баталгаажуулж чадаагүй байна.
Украины армийн хэвлэлийн төлөөлөгч Ройтерс агентлагт "Бидэнд одоогоор ийм мэдээлэл алга, хуурамч мэдээлэлд анхаарал хандуулахгүй" хэмээн хариу мэдэгджээ. Мөн саяхан Украины Батлан хамгаалах яамнаас "Төлөвлөгөө чимээгүй байдалд дуртай" хэмээх сөрөг давшилтаа сурталчилсан дүрс бичлэгийг нийтэлсэн байна.