Амиа алдсан хүүхдүүдийн ихэнх нь 1-3 насныхан байжээ

Энэ оны эхний 5 сарын байдлаар хүүхэд өртсөн зам тээврийн 259 осол бүртгэгдэж, 13 хүүхдийн амь хохирсон байна. Үүнээс 4 тохиолдол нь хүүхэд хашаан дотроо ухарч байсан тээврийн хэрэгсэлд мөргүүлж амиа алдсан хэрэг байгаа юм. Тэдгээр хүүхдүүд ой нэг сартайгаас ой найман сар хүртэлх насны хүүхдүүд байжээ. Иймд жолооч нар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлүүлэхдээ зам болоод орчноо сайтар нягтлан шалгах шаардлагатайг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Өнгөрөгч амралтын өдөр буюу 6-р сарын 4-ний өдөр Сүхбаатар аймагт хашаандаа тоглож байсан нэг ой 8 сартай хүүхдийг  жолооч хөдөлгөөн эхлэхдээ дайрч амийг нь  хохироосон харамсалтай хэрэг гарсан. Энэ мэт бага насны хүүхэд амьдарч байгаа орчиндоо автомашинд дайруулж гэмтэж бэртэх, нас барах  тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байгаа юм.

Сүүлийн з жилийн хугацаанд бага насны хүүхэд дээрх шалтгаанаар тээврийн хэрэгсэлд мөргүүлж амиа алдсан 49 удаагийн тохиолдол бүртгэгдсэн байна. Тухайлбал  өнгөрөгч 2020 онд тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөн эхлүүлэх үедээ зам орчноо шалгаагүйн улмаас бага насны хүүхэд дайрч амийг нь хохироосон тохиолдол 23, 2021 онд 14,  2022 онд 8 харин энэ оны эхний таван сарын байдлаар 4  тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Эдгээр хүүхдүүдийн дийлэнх хувийг 1-3 хүртэлх насны хүүхдүүд байжээ.

Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх заалт жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны нөхцөл байдлыг биеэр болон бусдын тусламжтайгаар шалгаад хөдөлгөөн эхлүүлэх үүрэгтэй гэж заасан байдаг гэтэл зарим тохиолдолд хөдөлгөөнийг шууд эхэлснээр бага насны хүүхдүүд хохирох эрсдэлийг үүсдэг байна.

Энэхүү тохиолдол нь ихэвчлэн урин дулаан цагт гардаг байна. Учир нь бага насны хүүхдүүд ихэвчлэн автомашины сүүдэр бараадан  дугуй болон бүхээгийн арын хэсэгт нуугдаж тоглодог юм байна.  Иймд сургууль цэцэрлэг  амарч байгаа энэ үед бага насны хүүхдэд тавих хараа  хяналтаа сайжруулах, мөн жолооч нар хөдөлгөөн эхлүүлэхдээ орчны нөхцөл байдлыг шалгах нь чухал юм.