Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт 1.3 их наяд төгрөгт хүрээд байна

Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтийг бэлэн мөнгөөр, өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, үнэт цаасаар барагдуулж байгаа байна. Ингэснээр Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөд хураагдсан үл хөдлөх хөрөнгийг олон нийтэд нээлттэй зарж борлуулах ажил эхэлж байгаа талаар мэдээлжээ.

  • Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлт 2022 оны 1-р сараас эхлэн эрчимжсэнээр өнөөдрийн байдлаар 1.3 их наяд төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдээд байна.
  • Тус банк нь зээлийг бэлэн мөнгөөр барагдуулах зарчим баримталж байгаа ч чанаргүй, эрсдэл өндөртэй зээлийн эргэн төлөлтийг барьцаа хөрөнгөөр хангуулж, банкны өмчлөлд шилжүүлэн барагдуулах нөхцөл үүссэн байна.
  • Энэ ажлын хүрээнд тус банкны өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийн нийт үнэлгээний хэмжээ 2023 оны 5-р сарын байдлаар 270 гаруй тэрбум төгрөгт хүрээд байна.
  • Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөөр 18 үл хөдлөх хөрөнгө тус банкны өмчлөлд шилжсэн бөгөөд тэдгээрийг 6-р сарын 15-ны өдрөөс эхлэн зах зээлийн ханшнаас бага үнэлгээгээр нээлттэй худалдан борлуулахаар болжээ.

Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтийн хүрээнд өмчлөлд нь очсон 18 үл хөдлөх хөрөнгийг нээлттэйгээр зарж борлуулахад бэлэн болоод байна. Үүнд үйлчилгээний талбай, авто зогсоол, орон сууц зэрэг багтаж байна. Тухайлбал, Ла Колина Бичил хорооллын 12 ширхэг орон сууц, Нүхтийн аманд байршилтай таун хаус, Сүхбаатар дүүргийн 48 байрны дээд давхрын үйлчилгээний объект зэргийг худалдан борлуулахаар жагсаалтад багтаажээ. Эдгээр үл хөдлөх эд хөрөнгүүд нь зах зээлийн үнээс хямдаар зарагдах бөгөөд байршил, зориулалт зэргийн мэдээллийг Хөгжлийн банкны албан ёсны вэб сайтаас харах боломжтой юм.

Мөн цаашид тус банкны өмчлөлд орсон бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байгаа болон дуусаагүй үл хөдлөх барилгуудын тухай мэдээллийг цаг тухай бүрд нь танилцуулах юм байна. Тухайлбал,  Шинэ яармаг, Гантиг вилла зэрэг төслийн барилгуудыг ашиглалтад оруулсны дараа үргэлжлүүлэн худалдан борлуулах ажлыг хийх талаар мэдэгдлээ. Мөн Хөгжлийн банкны өмчлөлд байгаа  бүрэн ашиглалтад орсон буюу худалдан борлуулахад бэлэн, бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байгаа болон дуусаагүй буюу бүрэн ашиглалтад ороогүй хөрөнгүүд нь бүгд бичиг баримтын зөрчилгүй гэдгийг хэллээ.

6-р сарын 15-аас эхлэн зарагдах 18 үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо зээлийн эргэн төлөлтөд хураан авсан үнэлгээг суурь болгон, борлуулахад гарч байгаа зардлыг оруулан тооцсоноор үл хөдлөх хөрөнгийн үнийг гаргасан байна.