Энэтхэг улсад дүүжин гүүр хоёр дахь удаагаа нурлаа

Энэтхэгийн хамгийн их хүн амтай Бихар мужид баригдаж байгаа дүүжин гүүр сүүлийн 14 сарын хугацаанд хоёр удаа нурж, хоёр хүн амиа алдсаныг Ройтерс агентлаг мэдээлж байна. Дүүжин гүүрний барилга угсралтын ажил 2019 онд дуусах ёстой байсан ч сүүлийн жилүүдэд хүчтэй салхи дэгдэж, аадар бороо орсны улмаас саатал гарсан гэж гүйцэтгэгч компаниас нь мэдээлжээ.

2019 онд ашиглалтад орох ёстой байсан дүүжин гүүр барилга угсралтын явцад хэд хэдэн удаа хэсэгчлэн нурж байсан удаатай бол өнгөрсөн оны 4-р сард хоёр хэсэгт хуваагдан нуран унасан байна. Гэхдээ барилга угсралтыг хариуцсан компани дүүжин гүүрийг богино хугацаанд засварлаж, ашиглалтад оруулах амлалтыг өгч байжээ. Харин өнгөрөгч даваа гарагт Ганга мөрнийг дамнан баригдаж байгаа дүүжин гүүр хоёр дахь удаагаа нуран унасанд мужийн оршин суугчид болон Энэтхэгийн эрх баригчид дургүйцлээ илэрхийлсэн байна. Даваа гарагт гүүр нурах үед найман хүн ор сураггүй алга болсон ч 6 хүнийг эсэн мэнд нуранги доороос гарган авсан байна. Уг гүүрний тулгуур багана хазайж, цутгамлын төмөр ил гарч, улмаар  нурсан байна.

Гүүр нурсны дараа Энэтхэгийн эрх баригчид өргөн хүрээний мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах шийдвэр гаргаж, муж, дүүргийн эрх баригчдад хариуцлага тооцож, хатуу шийтгэл оногдуулна гэдгээ мэдэгджээ. Тус улсын засгийн газраас барилга угсралтын компаниудад мөн хяналт шалгалт явуулахаас гадна барилгын чанар стандартыг дагаж журмын биелэлтийг улс даяраа нэхэн шалгана гэдгээ онцолжээ. 

Өнгөрсөн оны 10-р сард Энэтхэгийн баруун Гужарат мужийн Морби хотод өөр нэгэн дүүжин гүүр нурж, олон зуун хүн Маччху гол руу урсаж, улмаар 135 хүн амиа алдсан юм. Олон хүний амийг авч одсон золгүй явдлын дараа тус гүүрний засварын ажлыг хариуцаж байсан барилгын компанийн удирдлагууд болон орон нутгийн албан тушаалтнуудад хуулийн байгууллагаас хэрэг нээсэн бол шүүхээс яллах дүгнэлтийг хэдийн үйлдээд байгаа талаар дотоодын хэвлэлүүд мэдээлжээ.