Улс орнууд цар тахлын хязгаарлалтын дэглэмээ сулруулж хилээ бүрэн нээж байгаа нь дэлхийн аялал жуулчлалын салбарын өсөлтөд эергээр нөлөөлөх төлөвтэй байна. Үүнтэй холбогдуулан агаарын тээврийн компаниудын эрэлт хэрэгцээ нэмэгдэж, үүнийг дагаад тэдгээр компаниудын ашиг, орлого өсөх төлөвтэй байна.
Судлаачдын таамаглаж байгаагаар 2023 онд агаарын тээврийн компаниуд давтагдсан тоогоор 4.3 тэрбум хүнд үйлчилж, 10 тэрбум ам.долларын цэвэр ашгийг олох төлөвтэй байна. Мөн нисэхийн салбарын нийт мөнгөний эргэлт 800 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байгаа нь 2019 оны дээд үзүүлэлт болох 820 тэрбум америк.долларт дөхсөн үзүүлэлт болно гэдгийг судлаачид онцолжээ.
Хойд Америк болон Европ руу үйлдэж байгаа нислэгийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, тасалбарын үнэ өсөж байгаа нь ашгийн өсөлтөд эергээр нөлөөлөх боломжтой байна.
Гэхдээ өсөн нэмэгдэж байгаа бодлогын хүү, Украины дайн, нийлүүлэлтийн сүлжээний хямрал, эдийн засгийн тодорхойгүй байдал зэрэг нь нисэхийн салбарын ашиг, орлогод сөргөөр нөлөөлж болзошгүй байна. Эдгээр хүчин зүйлсээс үл хамааран дэлхийн аялал жуулчлалын салбар идэвхжиж байгаа тул агаарын тээврийн компаниуд бэлтгэлээ базааж эхэлжээ. Түүнчлэн газрын тосны үнэ тооцоолсноос хямд байгаа нь авиа компаниудад эерэг нөлөөлж байгаа талаараа мэдээлжээ.
Цар тахлын он жилүүдэд агаарын тээврийн компаниуд 200 тэрбум ам.долларын бодит хохирлыг амссан гэж судлаачид тооцоолжээ.