Худалдаа эрхлэгчид махаа нөөцөлж хаврын улиралд үнэ хүргэн зарах тохиолдол их байна

Монгол улсын инфляцын түвшинд голлон нөлөөлж байгаа хүчин зүйл нь махны бүлгийн үнэ байна. Ихэвчлэн улирлын чанартайгаар махны үнэ нэмэгддэг ч зарим тохиолдолд махны экспорт өсөх үед дотоодод хомсдол үүсэж үнэ хөөрөгдөх нөхцөл байдал ажиглагддаг. Тухайлбал, энэ он гарсаар махны экспорт огцом нэмэгдэж эхний 4 сарын байдлаар зөвхөн адууны махны экспорт гэхэд  60.3 сая ам.долларт хүрээд байгаа юм. 

  • Энэ оны 5-р сарын байдлаар улсын инфляцын түвшин 11.3 хувьтай гарсан байна. Энэ нь өмнөх оны эцсээс 6.1 хувь, өмнөх сараас 1.3 хувиар өссөн үзүүлэлт юм.
  • Инфляцын өсөлтөд хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэ голлон нөлөөлсөн. Тэр дундаа мах, махан бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдсэн нь инфляцын түвшнийг өсгөсөн байгаа юм.
  • Үндэсний статистикийн хорооноос хийсэн судалгаагаар зах худалдааны төвүүдэд худалдаалагдаж байгаа мах өнөөдрийн байдлаар төрлөөсөө хамаараад 15-26 мянган төгрөгийн үнэтэй байна.
  • Жил бүрийн энэ үед махны үнэ харьцангуй буурдаг ч энэ жил өнгөрсөн оны мөн үеэс 20 орчим хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Энэ оны эхний 4 сарын байдлаар малын мах, дайвар бүтээгдэхүүний хэмжээ 14.7 мянган тоннд хүрээд байгаа бөгөөд энэ нь өмнөх оноос даруй 28 дахин өссөн үзүүлэлт юм. Хаврын улиралд махны үнэ огцом нэмэгддэг ч энэ удаад экспортын хэмжээ өссөн нь дотоодод нийлүүлэлтээс шалтгаалсан үнийн хөөргөдлийг бий болгож байгаа нь ажиглагдаж байна. Эргэн санахад 2016 онд зөвхөн адууны махыг Хятад улс руу экспортод гаргасан боловч дотоодод хомсдол үүсэж, үнэ хөөрөгдөх нөхцөл байдал үүссэн. Энэ нь Монгол улс гадаад худалдааны нарийн зохицуулалтгүй, дотоодын хэрэгцээ шаардлагаа тооцоолохгүйгээр экспортод гаргасантай холбоотой юм. Тиймээс энэ талаарх зохицуулалтыг сайжруулж, махны экспорттой холбоотой тодорхой бодлого баримтлан нийлүүлэлтийн хомсдол үүсгэхгүй байхаар зохицуулалт хийх шаардлагатай байгаа юм.

Хаврын улиралд махны үнэ огцом өсөх хандлага жил бүр ажиглагддаг. Өөрөөр хэлбэл, зах зээлийн онцлогоороо худалдаа эрхлэгчид махаа нөөцөлж байгаад хаврын улиралд үнэд хүргэн зарах тохиолдол ч их байдаг юм. Үүнээс шалтгаалж махны  үнэ хөөрөгдөж инфляцын түвшин нэмэгдэх цаашлаад мөнгөний бодлогын хүүд хүртэл нөлөөлөх олон асуудлыг дагуулж байгаа юм.

Махны үнийг тогтворжуулах нэг арга хэрэгсэл нь нөөцийн махны шийдэл бөгөөд сүүлийн жилүүдэд нөөцийн махыг худалдан борлуулж байгаа боловч энэ нь махны үнийг өсөлтөд бодит нөлөө үзүүлэхгүй байна. Тухайлбал, жил бүрийн энэ үед махны үнэ харьцангуй буурдаг ч энэ жил өнгөрсөн оны мөн үеэс 20 орчим хувиар нэмэгджээ.