Хүүхдийн эсрэг хүчирхийллийн нэг хэлбэр нь хүүхдээ орхих үйлдэл юм. Сүүлийн жилүүдэд эцэг эх, асран хамгаалагч хүүхдээ орхих тохиолдлууд нэмэгдсэн байна. Энэ он гарсаар хүүхдийн тусламжийн 108 төвд 110 мянга гаруй дуудлага мэдээлэл ирснээс 50 мянга гаруй нь үл хайхрах хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд байна. Эдгээр хүүхдүүдийг түр хамгаалах байранд авч холбогдох байгууллагууд хамтран эцэг эхийг нь олох, эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.
Энэ сарын 6-ны өдрийн 17.00 цагийн орчимд Чингэлтэй дүүрэгт байрлах GS25 сүлжээ дэлгүүрт ой хүрээгүй хүүхдийг орхисон хэрэг гарсан. Үүнтэй холбогдуулан холбогдох байгууллагууд эцэг эхийг нь эрэн хайх ажиллагааг явуулж, хүүхдийг түр хамгаалах байранд хүргүүлэн эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн байна. Хүүхдийн биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд түр хамгаалах байранд хамгаалагдаж байна.
2015-2020 оны хооронд эцэг эхдээ хаягдсан 60 гаруй тохиолдол гарсан статистик мэдээлэл бий. Хүүхдээ орхиод явсан хүмүүс ихэвчлэн 25-35 насны хүмүүс байдаг. Хуульд зааснаар асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж, хүүхдийг хаясан бол 5.4 саяас 27 сая хүртэлх төгрөгөөр торгох, эсвэл 240 цагаас 720 цаг буюу 10-30 хоног нийтэд тустай ажил хийлгэх, нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, тав хүртэлх жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэдэг байна. Мөн хүүхдийг хаясны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан, нас барсан бол 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ялтай. Мөн эцэг, эх байх эрхийг нь хасах хүртэл заалттай юм байна.