Чихрийн шижин өвчнөөр өвчлөх иргэдийн нас залуужжээ

Дэлхий нийтэд жил бүр 7 сая хүн чихрийн шижин өвчнөөр оношлогддог байна. 2030 он гэхэд 10 хүн тутмын нэг нь энэхүү өвчнөөр өвдөх эрсдэлтэй байгааг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдэгджээ. Амьдралын хэв маяг хооллолт, таргалалт зэргээс шалтгаалан сүүлийн жилүүдэд энэхүү өвчнөөр өвчлөх иргэдийн нас залуужсан гэдгийг эмч хэлж байна.

Чихрийн шижин өвчнийг хэв шинжээр нь өөрчлөх боломжтой, өөрчлөх боломжгүй гэж 2 ангилдаг байна. Харин иргэдийн дийлэнх нь амьдралын буруу хэв маягаас шалтгаалсан чихрийн шижин өвчнөөр оношлогдож байна.

Гэвч зарим иргэдийн хувьд тогтмол үзлэг шинжилгээнд хамрагддаггүй учир энэ төрлийн өвчнийг хожуу илрүүлэх тохиолдол их гардаг. Мөн энэхүү өвчнөөр өвчлөх иргэдийн наслалтын тоо дунджаар 10 жилээр залуужсан байна.

Энэхүү өвчний гол шинж тэмдэг нь хялгасан судаснуудыг гэмтээж эхэлдэг байна. Хүний биеийн хамгийн жижиг хялгасан судаснуудтай эрхтэн болох нүд, бөөрний судаснуудыг гэмтээж эхлэн том судаснуудад нөлөөлж хөл гар тайруулах хэмжээний эрсдэлийг бий болгодог байна. Иймд иргэд  амьдралын зөв дадалд суралцан, эмчийн үзлэг шинжилгээнд 6 сар тутамд хамрагдахыг эмч зөвлөж байна.