АНУ-ын Нью-Йорк хотын захирагч пүрэв гаргаас эхлэн амны хаалтыг оршин суугчдадаа үнэгүй тарааж эхэлнэ гэдгээ мэдэгджээ

Канад улсад дэгдсэн ой хээрийн түймэр тус бүс нутгийн агаарын чанарт сөргөөр нөлөөлж байгаа тул Хойд Америкийн оршин суугчдад амны хаалт зүүхийг мэргэжилтнүүд зөвлөжээ. Үүнтэй холбогдуулан АНУ-ын Нью-Йорк хотын захирагч пүрэв гаргаас эхлэн амны хаалтыг оршин суугчдадаа үнэгүй тарааж эхэлнэ гэдгээ мэдэгджээ.

Канад улсад одоогийн байдлаар 400 гаруй ойн түймэр хэсэгчлэн дэгдээд байгаа төдийгүй түймрийн утаа АНУ-ын Нью-Йорк, Бостон, Кливленд хотод хүрсэн байна. Түймрийн утааны голомт нь Канадын Кебек муж болоод байгаа тухай хэвлэлүүд мэдээлж байна.

Өнгөрөгч лхагва гарагт АНУ-ын эрх баригчид Канад улстай хил залгаа бүс нутгуудад агаарын чанарын эрсдэлийн түгшүүр зарлаж, гадаад орчинд зорчиж байгаа бүс нутгийн оршин суугчдыг амны хаалт зүүхийг зөвлөжээ. Нарийн ширхэгтэй тоосонцор нь эрүүл мэндэд хамгийн их эрсдэл учруулдаг. Гэхдээ агаар дахь тоосонцрын агууламж буурах хүртэл амны хаалт зүүснээр асуудлыг шийдвэрлэж чадна гэдгийг АНУ-ын хүрээлэн буй орчны судлаачид мэдээлжээ.

Мэргэжилтнүүд Канад улсад энэ хавар ердийнхөөс илүү дулаан, хуурайшилттай байсан нь түймэр дэгдэх гол шалтгаан болсныг онцлон тэмдэглэсэн байна. Мөн хуурайшилтын түвшин зуны турш үргэлжилж, хур тунадас бага унах төлөвтэй байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж болзошгүй байна. Канад даяар дэгдсэн ойн түймэр хэдийн 3,8 сая га талбайг хамраад байна. АНУ-ын эрх баригчид 600 гаруй гал сөнөөгчөө түймрийн голомт болоод байгаа Канадын Кебек муж руу илгээснээ лхагва гарагт мэдэгдсэн байна. Аж үйлдвэрийн эрин үе эхэлснээс хойш манай гараг хэдийн цельсийн 1.2 хэмээр дулаарсан. Харин олон улсын хамтын нийгэмлэгүүд болон аж үйлдвэрээ хөгжүүлсэн тэргүүлэх эдийн засаг бүхий улс орнууд утааны ялгаруулалтаа эрс багасгахгүй бол дэлхийн дулаарал цааш үргэлжилсээр байна гэдгийг цаг уурчид анхааруулж байна.