Энэ оны эхний таван сарын байдлаар зам тээврийн ослоор 290 хүүхэд бэртэж гэмтсэн байна. Үүнээс 18 нь унадаг дугуй, мопед скүүтер зэргийг унаж замын хөдөлгөөнд оролцож байхдаа бэртэж гэмтжээ. Сүүлийн үед иргэд цахилгаан мопед, цахилгаан скүүтер ашиглах нь ихэссэн ч нийслэл хотод өөрөө явдаг механизм зорчих стандарт зам талбай ховор байна. Иймээс иргэд авто замын зорчих хэсгээр явж эрүүл мэнддээ эрсдэл учруулж байна.
Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 25-р зүйлд зааснаар цахилгаан мопед болон скүүтерээр зорчиж байгаа тохиолдолд унадаг дугуйн замаар зорчих, мөн явган замын хэсэгт бусдад аюул саадгүйгээр зорчино гэж заасан байдаг. Ингэхдээ 10 км цагаас илүү хурд хэтрүүлэхийг хориглодог юм байна. Гэвч нийслэлд стандартад нийцсэн дугуйн зам хүрэлцээгүй учир иргэд автозамын зорчих хэсэгт хөдөлгөөнд оролцсоноор осол аваар гаргах эрсдэлийг бий болгож байгаа юм.
Өнөөдрийн байдлаар нийслэл хотод 90 орчим км дугуйн зам байна. Дугуйн замын дийлэнх нь эвдрэл гэмтэл ихтэй байгаа тул скүүтер дугуй зэргээр зорчиход хүндрэлтэй байдаг талаар иргэд ярьж байна. Ихэвчлэн бага насны хүүхдүүд болон залуус эдгээр механизмыг ашигладаг тул аюулгүй зорчих орчин нөхцөл муу байгааг шүүмжилж байна.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас иргэнд ээлтэй орчин нөхцөлийг бий болгохоор дугуйн болон явган хүний замыг засварлах, тодорхой байршилд тохижилт үйлчилгээг хийх зэрэг ажлуудыг хийж байгаа гэсэн юм.
Өөрөө явагч механизмыг ашиглахын тулд замын хөдөлгөөний тодорхой заалтуудыг дагаж мөрдөх заалтай байдаг ч иргэд төдийлөн мэддэггүй байна. Тухайлбал 0-10 хүртэлх насны хүүхэд зөвхөн харгалзах хүнтэй стандартын шаардлага хангасан зам дээр зорчих, 10-14 насны хүүхэд дугуйн болон явган хүний зам дээр хамгаалах хэрэгсэлтэй зорчих, 14-18 насныхан унадаг дугуйн замаар зорчино, хэрэв унадаг дугуйн зам байхгүй тохиолдолд зорчих хэсгийн баруун хөвөөгөөр явна гэж заасан байдаг. Хэрэв бага насны буюу 0-10 настай хүүхэд харгалзах хүнгүйгээр дээрх хэрэгслийг унаж байх үедээ бэртэж гэмтсэн тохиолдолд эцэг эхэд хариуцлага тооцдог гэдгийг цагдаагийн байгууллагаас сануулж байна.