БНХАУ-ын эрх баригчид “Airdrop, Bluetooth” зэрэг гар утасны файл, баримт хуваалцах үйлчилгээний хэрэглээг хязгаарлахаар төлөвлөж байна. Өнгөрсөн пүрэв гарагт Хятад улсын Цахим сүлжээг зохицуулах үндэсний хорооноос дээрх үйлчилгээг хязгаарлах асуудлаар нэг сарын турш олон нийтийн хэлэлцүүлэг өрнүүлэх ажлыг эхлүүлжээ.
БНХАУ-ын Засгийн газар технологийн компаниудын үйлчилгээг хязгаарлах зорилгоор бус хууль бус, хуурамч мэдээлэл түгэхээс урьдчилан сэргийлж байгаа тухайгаа онцолжээ. Харин шинжээчид уг арга хэмжээг авч хэрэгжүүлснээр хүмүүсийн мэдээлэл солилцох, зарим бизнесийн салбарын өсөлт хөгжилд саад болно гэж үзэж байна. Bluetooth, airdrop зэрэг баримт хуваалцах үйлчилгээнүүд нь Хятад улсын иргэдийн түгээмэл ашигладаг хэрэглүүрүүд юм.
Өнгөрсөн онд БНХАУ-ын Засгийн газрын хэрэгжүүлсэн хорио цээрийн хатуу дэглэмийг эсэргүүцсэн иргэд цахим орчинд үзэл бодлоо илэрхийлж эвлэлдэн нэгдэх боломжгүй байсан. Гэвч жагсагчид мэдээллээ хуваалцах буюу эсэргүүцлийн зурагт хуудас, текст зэргийг уг үйлчилгээгээр дамжуулан нийтэд түгээж байжээ. Харин Ши Жиньпинийн Засгийн газар “Apple” компанид хүсэлт тавьснаар “Air drop”--ийн хамрах хүрээг хязгаарлаж чадсан байна. Уг үйлчилгээний хамрах хүрээ зөвхөн Хятад улсын газар нутагт хязгаарлагджээ. Харамсалтай нь БНХАУ-ын Засгийн газар одоо уг үйлчилгээг бүрэн хязгаарлахаар зэхэж байгаа нь хүний эрхийн байгууллагуудын анхаарлыг татаж байна. Хятад улсад үйл ажиллагаа явуулдаг технологийн компаниуд, программ хөгжүүлэгчид тус улсын зах зээлийг орхин гарах эсвэл эрх баригчдын дүрмээр тоглох гэсэн хоёр сонголттой нүүр тулж байгааг шүүмжлэгчид онцолж байна. Хятадын Засгийн газар иргэдийнхээ түгээмэл хэрэглэдэг цахим сүлжээний хэрэгслүүдийг тогтмол хянаж, Засгийн газрыг шүүмжилсэн сэтгэгдэл, гэрэл зураг, нийтлэлийг устгаж, цэвэрлэдэг төдийгүй хориотой үгсийн жагсаалтыг хүртэл гаргасан байдаг талаар эх сурвалжууд ярьжээ. Хориотой үгсийг ашигладаг цахим хэрэглэгчдийг бүртгэж, олж тогтоон хариуцлага тооцох буюу шоронд хорих эсвэл Хятад улсыг орхин гарахаас өөр сонголтгүй болгодог байна.