Украины сөрөг давшилт хурдацтай явагдаж байна

Украины арми Өрнөдийн улсуудын илгээсэн зэр зэвсгийг анх удаа дайны талбарт ашигласнаар удаан хүлээсэн сөрөг давшилт нь эхэлсэн гэж шинжээчид үзэж байна. Германы “Leopard 2” байлдааны танкнууд өмнөд фронтын Запорожжиа мужид харагдсан төдийгүй Украины армийн сөрөг давшилт идэвхжиж эхэлснийг хэвлэлүүд онцолж байна.

Украины эрх баригчид сөрөг давшилтаа эхлүүлснээ албан ёсоор зарлаагүйгээс гадна довтолгооны “Чимээгүй байх” хатуу бодлого баримталж байгаа гэдгээ онцолсон байна. Гэхдээ нэрээ нууцалсан Украины удирдах албан тушаалтан “Одоогийн байдлаар сөрөг давшилт хамгийн идэвхтэй үе шатандаа явагдаж байна” хэмээн Өрнөдийн хэвлэлд ярьжээ.

Сүүлийн өдрүүдэд ОХУ-ын зэвсэгт хүчний хяналтад байгаа Херсон, Запорожжиа муж руу тал бүрээс зэрэг давшиж, газар нутгаа чөлөөлөх гэж оролджээ. Гэхдээ ОХУ-ын зэвсэгт хүчин хүчтэй эсэргүүцэлтэй нүүр тулж, томоохон хохирол амссаны улмаас ухарсан талаар Их Британийн Батлан хамгаалах яамны тагнуулын албанаас мэдээлсэн байна.

Украины армийн гол хүч Херсон мужаас холгүй Орихив хэмээх тосгонд төвлөрч байгаа төдийгүй Оросын цэргүүдийн Крымын хойгтой нийлдэг хэсгийн гол замыг хяналтдаа оруулахаар бэлтгэжээ. Хэдийгээр Украины армийн нөөц болон байлдааны бэлтгэл бүрэн хангагдсан ч эцсийн үр дүнгийн талаар урьдчилж тооцоолоход хүнд байгаа гэж шинжээчид үзэж байна.

Үүнээс гадна ОХУ-ын зэвсэгт хүчин Украины сөрөг давшилтад бэлтгэж, фронтын шугам дагуу мина байрлуулж, хамгаалалтын нуувч барьжээ.