Монгол улс, ОХУ, БНХАУ-ын худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын нэгдсэн чуулган болсон. Чуулганы хүрээнд зам, тээврийн сэргэлт сэдвээр тээвэр-логистикийн хөрөнгө оруулалтын чуулганыг зохион байгууллаа. Тус чуулганы хүрээнд төмөр замын хөрөнгө оруулалтын гэрээ, 3000 вагон худалдан авах гэрээ зэрэгт гурван улсын төлөөллүүд гарын үсэг зурсан байна.
Зам, тээврийн сэргэлт хөрөнгө оруулалтын чуулга уулзалтаар Монгол-Хятад-Орос гурван улсын хөрөнгө оруулагчид Арц суурь-Нарийн сухайт-Шивээхүрэн төмөр замын хувьцаа эзэмшигчдийн гэрээ, 3000 ширхэг вагон худалдан авах гэрээ, Улаанбаатар-Хархорин чиглэлийн хурдны төмөр замын ТЭЗҮ боловсруулах санамж бичигт тус тус гарын үсэг зурлаа.
Зам,тээврийн сэргэлт хөрөнгө оруулалтын чуулга уулзалтаар тус салбарын ойрын үед хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа төслүүдийн талаар танилцуулсан юм. Тухайлбал, төмөр замын салбарт 7 орчим тэрбум ам.долларын бүтээн байгуулалт шаардлагатай байна. Мөн авто замын салбарт 2 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа юм. Үүнээс гадна агаарын тээврийн салбарт олон улсын нисэх онгоцны буудлыг нэмж байгуулах ажлыг төлөвлөөд байна. Эдгээр төсөл хөтөлбөрт 10 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа талаар Зам тээврийн хөгжлийн сайд танилцууллаа.
Зам тээврийн салбарын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалтын таатай орчин ихээхэн чухал байна. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалж, харилцан ашигтай ажиллах ёстой боловч Монгол улсын Хөрөнгө оруулалтын тухай хууль, эрхзүйн орчин нь тогтворгүй цаашлаад газрын тухай хууль, татварын тухай хуультай зөрчилддөг гэх мэт олон асуудал тулгарсаар ирсэн.
Монгол улсын хувьд уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд тээврийн болон боомтын хүчин чадалд ихээхэн анхаарах шаардлага тулгардаг. Мөн ОХУ болон БНХАУ-ын хоорондын худалдаа 200 орчим тэрбум ам.долларын хооронд хэлбэлздэг байна. Тус худалдааг Монгол улсаар дамжин өнгөрөх транзит тээврийг хөгжүүлэх нь гурван улсад харилцан ашигтай юм. Тэр дундаа транзит тээврийг хөгжүүлэх нь Монгол улсын эдийн засагт чухал ач холбогдолтой.
Цаашид зам тээврийн салбарт хилийн 11 боомтоо авто замаар, 4 боомтоо төмөр замаар холбох, баруун болон зүүн босоо тэнхлэгийн төмөр зам барих, орон нутгийн 4 нисэх буудлыг олон улсын нисэх буудал болгож агаарын ачаа тээврийн терминал байгуулахаар байна.