Аймгийн ойн баяр наадмыг зохион байгуулахад дунджаар 1.5 тэрбум төгрөгийн төсөв шаардлагатай

Энэ онд улсын хэмжээнд нийт 8 аймгийн 50 орчим сумын тэгш  ой тохиож байгаа юм. Үндэсний баяр наадам тэмдэглэх тухай хуульд аймгуудын наадмын төсөвт 5 сая төгрөгийг төсөвлөдөг. Харин тухайн аймгийн ойн баяр наадам зохион байгуулах төсвийг иргэдийн хандиваар зохион байгуулдаг байна. Зарим аймгуудын удирдлагын хэлснээр ойн баяр наадмыг зохион байгуулахдаа дунджаар 800 саяас 1.5 тэрбум төгрөгийг зарцуулах тооцоотой байгааг мэдээлж байна.

Энэ онд Архангай, Хэнтий, Баянхонгор, Булган, Өмнөговь зэрэг аймгуудын тэгш ой тохионо. Ойн баяр наадмыг тэмдэглэхэд ихээхэн төсөв мөнгө шаардагдаг учир иргэдийн хандив, болон байгууллагуудын туслалцаатай зохион байгуулдаг байна. Аймгууд ойн баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүлэхэд дунджаар 1.5 тэрбум төгрөгийн төсөв зарцуулагдах тооцоотой байна.

Олон нийтийн дунд аймгууд өндөр төсвөөр ойн баяр наадам тэмдэглэхээс илүүтэй аймаг сумдын хөгжил, амьдрах орчин нөхцөлөө сайжруулахад анхаарах шаардлагатай байгааг шүүмжилдэг. Тэгвэл дээрх аймгуудад нэн тэргүүнд ажлын байрыг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зэрэг ажлууд хийгдэх шаардлагатай байгааг засаг дарга нарын төлөөлөл хэллээ.

2022 онд Говьсүмэр аймагт 2.2 тэрбум төгрөгийг улсаас хуваарилжээ. Тэгвэл тэгш ойн баяр тэмдэглэж байгаа аймгууд нэг аймгийн жилийн төсөвтэй тэнцэхүйц хэмжээний өртгөөр ойн баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүлэх тооцоотой байна.