“Умардын урсгал” хийн хоолойг дэлбэлж, сүйтгэсэн хэрэгт АНУ-ын зэвсэгт хүчин оролцсон талаар “Wall Street Journal” сонины эрэн сурвалжлах сэтгүүлчийн бичсэн нийтлэлд өгүүлжээ

“Умардын урсгал” хийн хоолойг дэлбэлж, сүйтгэсэн хэрэгт АНУ-ын зэвсэгт хүчин оролцсон талаар “Wall Street Journal” сонины эрэн сурвалжлах сэтгүүлчийн бичсэн нийтлэлд өгүүлжээ. АНУ-ын нэрт сэтгүүлч Сеймур Хершийн өнгөрсөн долоо хоногт гаргасан нийтлэлд Цагаан ордны тэргүүн Жо Байден хийн хоолойг дэлбэлэх зөвшөөрөл олгосныг мөн онцолсон байна.

1969 онд Вьетнамын дайны үеэр АНУ-ын цэргүүд энгийн номхон иргэдийг хоморголон устгасан явдлыг анхлан олон нийтэд илчлэн бичиж байсан “Пулицер”-ийн шагналт эрэн сурвалжлах сэтгүүлч Сеймур Хершийн өнгөөгч долоо хоногт танилцуулсан нийтлэлд олон сонирхолтой мэдээлэл дурджээ. Сэтгүүлч Сеймур Хершид ОХУ-ын стратегийн бүтээн байгуулалт болох “Умардын урсгал” байгалийн хийн хоолойд халдлага үйлдэх үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар нэрээ нууцалсан эх сурвалж мэдээлэл дамжуулсан байна. Тухайлбал, АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний чадварлаг усанд шумбагчид өнгөрсөн оны 6-р сард ердөө нэг хоногийн хугацаанд ОХУ, Герман, Дани зэрэг улс орнуудын зэвсэгт хүчний өндөр хамгаалалттай бүсэд нэвтэрч, СИ-4 тэсрэх бөмбөгийг хийн хоолойд суурилуулж чадсан талаар мэдээлэл өгчээ. Харин тэсрэх бөмбөгийг суурилуулснаас хойш гурван сарын дараа буюу өнгөрсөн оны 9-р сард хамгаалалт суларсны дараагаар алсын удирдлагаар тэсрэх бөмбөгийг дэлбэлсэн талаар нэрээ нууцалсан эх сурвалж Сеймур Хершид ярьсан байна.

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин улс төр, дайны санхүүжилтээ хангахын тулд хийн хоолойг зэвсэг болгон ашиглах нь гарцаагүй байсан тул Жо Байден тус хоолойг дэлбэлэх тушаал гаргасан гэж Сеймур Херш бичжээ. Уг нийтлэлтэй холбогдуулан ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас АНУ-ын эрх баригчид, тэр дундаа Жо Байденыг тайлбар өгөхийг шаардсан байна.

Хийн хоолойд халдлага үйлдсэн этгээдийг олж тогтоохоор ажиллаж байгаа Дани, Германы хамтарсан мөрдөн байцаагчдын мэдээлснээр хорлон сүйтгэх ажиллагааны үеэр ашигласан Польш улсад бүртгэлтэй дарвуулт завины сүүлийн хоёр жилийн хугацаан дахь аяллын маршрутыг тодруулж байгаа юм байна. Мөн хэрэг үйлдэхдээ ашигласан хөлөг онгоцноос олдсон ДНХ-ийн дээжийг шинжилж байгаа төдийгүй Украины тусгай албаны үүрэг гүйцэтгэгч нарын ДНХ-тай таарах эсэхийг тогтоохоор ажиллаж байгаагаа мэдээлжээ.