2023 онд төсөвт нийт 1.8 тэрбум төгрөгийн тодотгол хийхээр УИХ хуулийн төслийг хэлэлцэж байна. Төсвийн тодотголын хүрээнд цалин, тэтгэврийг 7-р сарын 1-ний өдрөөс эхлэн үе шаттайгаар нэмэх шийдвэр гарсан. Харин үүнтэй холбоотойгоор бараа, бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл бий болж байгааг иргэд хэлж байна.
Олон улсад цалин, тэтгэврийг нэмэхдээ олон нийтэд зарлахгүй байх жишээ зонхилдог байна. Энэ нь эрэлтээс үүдэлтэй бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл үүсгэх эрсдэлтэй байдаг юм. Харин Монгол улсад сонгуулийн өмнөх жилд төсвийг тэлэх тэр дундаа цалин, тэтгэврийг нэмэх шийдвэрийг гаргаж олон нийтэд сурталчлах энэ нь эргээд бараа, бүтээгдэхүүний үнийг хөөрөгдүүлэх хандлага түгээмэл байна гэж эдийн засагчид тайлбарлаж байна.
Монгол улсын хувьд сүүлийн 7 сарын хугацаанд өрхийн орлого 5.7 хувиар тасралтгүй буурсан үзүүлэлттэй байгаа юм. Энэ үед тодорхой хэдэн салбарын цалинг нэмэх, тэтгэврийн зөрүүг арилгахад анхаарлаа хандуулснаас үүдэж бараа, бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдэж байна. Тиймээс импортын бараа, бүтээгдэхүүний ачаа тээвэр үүнтэй холбоотой үнийн өсөлт зэргийг бодлого шийдвэрээр тогтоох барихад анхаарлаа хандуулах хэрэгтэй байна гэж иргэд хэлж байгаа юм.
Монгол улсын ДНБ-тэй харьцуулахад төсвийн алдагдал нь 2 хувиас илүүгүй байх, Засгийн газрын өр нь 60 хувиас хэтрэхгүй байх зэргээр улсын төсөвт дүрэм тогтоосон байдаг. Мөн төсвийн тогтвортой байдлын тухай хууль, төсвийн Тогтвортой байдлын сан, Ирээдүйн өв сан гэх мэт төсвийн зарцуулалт, хяналттай холбоотойгоор хууль эрхзүйн орчныг сайжруулсан хэдий ч энэ нь бодит байдал дээр хэрэгжихгүй байна. Үүнтэй холбоотойгоор төсөвт тодотгол хийдэг, төсвийн зарлага нь орлогоосоо давдаг гэх мэт төсвийн сахилга батгүй, үрэлгэн байдал нь жил бүр давтагдсаар байна. Энэ жилийн хувьд ч төсвийн орлого эхний 4 сарын байдлаар 1 их наяд төгрөгийн давсан гүйцэтгэлтэй байгаагаас шалтгаалж цалин тэтгэврийг нэмэхээр болсон. Ямар нэгэн байдлаар цалин тэтгэврийн хэмжээг нэмж байгаа тохиолдолд эдийн засгийн өсөлт, бүтээмжтэй уялдуулах шаардлагатай юм.