Манай улсад аюултай хөдөлмөр эрхэлж байгаа 60 мянган хүүхэд байна

Өчигдөр хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр болсон юм. Манай улс хүүхдийн хөдөлмөртэй холбоотой үндсэн конвенцыг баталж хөдөлмөр эрхлэх  насны доод хязгаарыг 15 байхаар тогтоосон байдаг байна. Хүүхдүүд ажил хөдөлмөр эрхлэх тохиолдолд удаан хугацаанд дадлагажигчаар ажиллах, цалин хөлсөө бүтэн авч чадахгүй байх зэргээр хөдөлмөрийн мөлжлөгт өртөх тохиолдол их байгааг мэргэжилтнүүд хэлж байна.

  • Манай улсад өнөөдрийн байдлаар 140 орчим мянган хүүхэд хөдөлмөр эрхэлж байгаагаас аюултай хөдөлмөр эрхэлж байгаа 60 мянган хүүхэд байна.
  • Хөдөлмөр эрхэлж байгаа 5 хүүхэд тутмын 3 нь 5-12 насны хүүхэд байгаа бөгөөд 5 хүүхэд тутмын 2 нь аюултай ажил эрхэлж байна. Мөн 5-17 насны хүүхдийн хөдөлмөр эрхлэлт сүүлийн 10 жилийн хугацаанд 9 хувиар нэмэгдсэн байна.
  • Нийт ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийн 37.4 хувь нь эмэгтэй, 62.6 хувь нь эрэгтэй хүүхдүүд байгаа юм
  • Монгол улс хүүхдийн хөдөлмөртэй холбоотой насны доод хязгаарыг 15 байхаар тогтоосон ч 13-14 насны хүүхдийг хөнгөн ажил хөдөлмөр эрхлэхийг зөвшөөрдөг байна.

Монгол улс 2021 онд Хөдөлмөрийн тухай хуулиа шинэчлэн баталж ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны суурь зарчимд “Хүүхдийн хөдөлмөрийг хориглох, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах” зохицуулалтыг хуульчилж өгсөн юм. Уг зохицуулалтад насанд хүрээгүй хүнийг ажиллах хүч нийлүүлэх гэрээгээр ажиллуулахыг хууль тогтоомжоор хориглосон  байна.

Ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь морь унах, мал маллах,барилга угсрах , газар тариалангийн механикжсан ажил хийж байна. Тэгвэл зарим ажил олгогч байгууллагууд цалин хөлсийг нь дутуу өгөх удаан хугацаанд дадлагаар ажиллуулах тохиолдол их байгаа юм.

Салбар яамнаас өнгөрсөн жилийн байдлаар 317 хүүхдийг хүүхэд хамгааллын үйлчилгээнд холбон жуулчилж, ажил олгогч аж ахуй нэгж байгууллагуудад зөвлөгөө өгсөн байна. Хүүхдэд хөдөлмөр эрхлүүлэхгүй байх тал дээр олон нийтийн ойлголт мэдээллийг сайжруулах, эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатайг салбар яамны төлөөлөл хэлсэн байна.

Ажил эрхэлж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь эрхээ мэддэггүй учраас хөдөлмөрийн мөлжлөгт өртдөг. Тиймээс хөдөлмөр эрхлэлтийн талаар ажил олгогч, хүүхэд болон гэр бүлд мэдээлэл өгөх ёстой байдаг. Цаашид хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийг бууруулахад холбогдох бүхий л байгууллагын уялдаа холбоо чухал гэдгийг албаныхан онцолж байсан юм.