Өмнөд Африкийн бүс нутгийн орнуудаас ирж байгаа дүрвэгсдийн урсгалыг зогсоохын тулд ЕХ-ны эрх баригчид Тунис улсад санхүүгийн тусламж үзүүлэхээр бэлтгэж байна. Африк тивээс Европыг зорьж байгаа нийт дүрвэгсдийн 70 орчим хувь нь Тунис улсаар дамжин өнгөрдөг байна.
Энэхүү дүрвэгсдийн шилжилт хөдөлгөөний гол зам болох Тунис улсад санхүүгийн дэмжлэг үзүүлснээр, Европыг зорих хүмүүсийн тоо буурна гэж Европын холбооны бодлого тодорхойлогчид үзэж байна. Өнгөрөгч даваа гарагт Европын комиссын тэргүүн Урсула Фон Дер Лейен Европын холбоо Тунис улсад 1 тэрбум евро буюу 1.1 тэрбум америк.долларын урт хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй санхүүгийн тусламж үзүүлэхээр бэлтгэж байгааг онцолжээ. Уг тусламж нь тус улсын эдийн засгийг аврах зорилготой "Макро санхүүгийн тусламж"-ын нэг хэсэг гэдгийг Урсула цохон тэмдэглэжээ.
2011 онд Тунисын засгийн эрхийг олон жилийн туршид барьсан Абидин Бен Алиг эрх мэдлээс нь түлхэн унагаснаас хойш тус улсын эдийн засаг зогсонги байдалд орсон байна. Өнгөрөгч 5-р сард Тунисын инфляцын түвшин 10 хувьд хүрч, ажилгүйдлийн түвшин 15 хувьтай байсан нь эдийн засгийн нөхцөл байдал нь ямархуу түвшинд хүрснийг илтгэж байгаа юм. Тус улсын өр дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 80 орчим хувийг эзэлдэг гэсэн тооцоолол байгаа юм.
Европын холбоо цагаачдын урсгалыг хязгаарлахын тулд Тунис улсад санхүүгийн тусламж үзүүлэх нь аль аль талдаа харилцан ашигтай байна гэж ажиглагчид үзэж байна.