Өнгөрсөн долоо хоногт “Уолл Стрийт Журнал” сонины эрэн сурвалжлах сэтгүүлч Куба дахь Хятад улсын тагнуулын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг олон нийтэд дэлгэсэн юм. Уг нийтлэлтэй холбогдуулан даваа гарагт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен анх удаа байр сууриа илэрхийлж, тайлбар өгсөн байна.
Куба дахь Хятадын тагнуулын байгууллагын үйл ажиллагааны зорилго нь Вашингтоны олон улс дахь нөлөөллийг хязгаарлах, таслах явдал юм. Хятад улсын эрх баригчид Куба улсад олон жилийн турш тагнуулын ажилтнуудаа илгээж, тус бүс нутагт тагнуулын ажиллагаа явуулсан төдийгүй 2019 онд Куба дахь тагнуулын ажилтнуудынхаа тоо хэмжээг нэмэгдүүлжээ. Бээжин олон улс дахь ложистикийн дэд бүтцээ өргөжүүлэхийн тулд дэлхийн өнцөг булан бүрд тагнуулын ажиллагаа явуулж, мэдээлэл цуглуулж байгаа нь баримтаар тогтоогдсон гэдгийг Э.Блинкен анхааруулжээ.
Харин Хятадын эрх баригчид Кубын Засгийн газарт олон сая ам.долларын дэмжлэг үзүүлж, хариуд нь тагнуулын баазаа байгуулах урьдчилсан тохиролцоонд хүрсэн талаар “Уолл Стрийт Журнал” сонинд нийтэлсэн юм. Үүнтэй холбогдуулан Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби Хятадын тагнуулын баазыг Куба улсад байгуулах зөвшилцөлтэй холбоотой “Уолл Стрийт Журнал” сонины нийтлэл нь үнэн бодит биш гэдгийг онцолсон ч Бээжингийн талаас илгээсэн тагнуулын ажилтнууд Кубад үүрэг гүйцэтгэж байгаа буюу нийтлэлд дурдагдсан зүйл өмнө нь батлагдсан мэдээлэл, шинэ зүйл биш гэдгийг цохон тэмдэглэжээ.
“Уолл Стрийт Журнал” сонинд нийтлэгдсэн мэдээллийг Куба улсын Гадаад хэргийн сайд үгүйсгэж, гүтгэлгийн чанартай таамаглалаа дэвэргэхгүй байхыг Цагаан ордны удирдлагуудад уриалжээ. Үүний зэрэгцээ, Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч “АНУ-ын эрх баригчид хуурамч мэдээлэлд шүгэл үлээж, үүнийг улам цааш дэвэргэхдээ гаргууд төдийгүй цуу яриа гүтгэлэг тараасан үйлдэлдээ уучлал эрэх нь зөв хэмээн шаардсан байна.