Манай улс хүүхдийн хөдөлмөр эрхлэх насны доод хязгаарыг 15 байхаар хуульчилж өгсөн байдаг бөгөөд эдгээр насны хүүхдийн хөнгөн ажил хөдөлмөр эрхлэхийг нь зөвшөөрдөг байна. Хэдийгээр ахлах ангийн сурагчид амралтын хугацаандаа нас, биеийн онцлогт тохирсон хөнгөн ажил хөдөлмөр эрхлэх сонирхолтой байдаг ч тохирсон ажлын байр нийслэлд хомс байна. Тиймээс хүүхдүүд ихэвчлэн аюултай хөдөлмөр эрхлэх нь их болжээ.
Эцэг эхчүүд 14-17 насны хүүхдийнхээ сонирхлыг харгалзан үзэж ажил хийлгэх сонирхолтой байдаг ч тохирсон ажлын байр олддоггүй байна. Мөн хүүхэд хөдөлмөрийн гэрээний талаарх мэдлэг мэдээлэл муу байдаг тул хөдөлмөрийн мөлжлөгт өртөх тохиолдол их байдаг гэдгийг эцэг эхчүүдийн төлөөлөл хэлж байна.
Улсын хэмжээнд 5-17 насны хүүхдийн хөдөлмөр эрхлэлт сүүлийн 10 жилийн хугацаанд 9 хувиар нэмэгдсэн байна. Нийт ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийн 37.4 хувь нь эмэгтэй, 62.6 хувь нь эрэгтэй хүүхдүүд байгаа юм. Хөвгүүд ихэвчлэн барилгын салбарт болон бараа бүтээгдэхүүний ачигч, машин угаах зэрэг биеийн хүч шаардсан ажил хийдэг байна.
Ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүд өдөрт дунджаар 30-50 мянган төгрөгийн орлого олж чадвал хичээлийн бэлтгэлээ бүрэн базаах боломжтойг хүүхдүүдийн зүгээс хэлж байна. Гэсэн хэдий ч зарим ажил олгогч байгууллагууд цалин хөлсөө өгдөггүй учир өөрийн хамаарал бүхий хүмүүсийн ажилд тусалж орлого олдог байна.
Дэлхий дахинд хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр гэх ангилалд багтдаг хүнд хүчир ажил эрхлэхийг хориглодог. Харин сайн дурын үндсэн дээр хөнгөн хөдөлмөр эрхлэхийг зөвшөөрч орчин нөхцөлөөр нь хангаж өгдөг байна. Харин манай улсад одоогийн байдлаар аюултай хөдөлмөр эрхэлж байгаа 60 мянган хүүхэд байгаа юм.
Иймд салбар бүрд ажиллах хүчний хомсдол ихээр үүсэх болсон энэ цаг үед эдгээр насны хүүхдүүдийн чадварт тохирсон хөнгөн ажлын байрыг бий болгох нь чухал гэдгийг эцэг эхчүүдийн төлөөлөл хэлж байсан юм.