Гол усанд осолдвол 1-3 секундийн хугацаанд амиа алдах эрсдэлтэй

Аялал зугаалгын улирал эхэлснээр НОБГ-т ирж байгаа авран хамгаалах дуудлага мэдээлэл энгийн үеэс 20 орчим хувиар нэмэгджээ. Өнгөрөгч 3 дугаар сараас хойш тус байгууллага байгалийн болзошгүй эрсдэлээс 1300 орчим иргэнийг авран хамгаалсан байна. Иймд эцэг эх асран хамгаалагчид хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулахыг сануулж байна.

Өнгөрөгч 2022 оны байдлаар зөвхөн нийслэл хотод 20 том хүн, 8 хүүхэд үер усны ослоор амиа алдсан байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийг гол усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор туул, тэрэлж, хэрлэн гол дагуу завьт эргүүл ажиллаж эхэлжээ. Ингэснээр гэнэтийн осолд өртөх магадлалтай иргэдийг хурдан хугацаанд аврах боломж бүрдэж байгаа юм. Хэрэв иргэн санамсаргүй байдлаар усанд осолдвол 1-3 секундийн хугацаанд амиа алдах эрсдэлд ордог байна.

Гол усны аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэл эрсдэлт бүхий 5 байршилд камер байршуулсан байна. Үер усны аюулд ихэвчлэн бага насны хүүхэд болон архи согтууруулах ундаа хэрэглэсэн иргэд өртөх тохиолдол их байдаг гэдгийг холбогдох албаныхан хэлж байна.

Нийслэлийн нутаг дэвсгэрт хүний амь нас усанд эрсдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор зориулалтын бус хийлдэг завь, гудас, цагариг болон бусад хөвөх хэрэгслийг хиймэл нуур, цөөрөм, голын усанд ашиглахыг хориглох тухай Нийслэлийн засаг даргын захирамж батлагдан гарсан байна.