3-5 жилийн өмнө байр захиалсан иргэд байрандаа орж чадаагүй байна

Орон сууц урьдчилан захиалаад хохирсон иргэдийн тоо сүүлийн үед улам бүр нэмэгдэж байна. Тухайлбал, 4 хоногийн өмнөөс Цагаан хаалга цогцолбор хотхоноос байр захиалсан иргэд суулт зарлаад байгаа бол өчигдөр бусад компаниас байр захиалж хохирсон иргэд суулт зарласан иргэдтэй нэгдээд байна. Тэд ойролцоогоор 3-5 жилийн өмнө байрны урьдчилгаа мөнгө эсвэл бүрэн төлөлт хийж гэрээгээ байгуулсан ч өнөөдөр өөрийн гэсэн орон гэргүй байна гэж хохирогч иргэд хэлж байна.

Хан-Уул дүүргийн 25-р хороонд баригдаж байсан Цагаан хаалга цогцолбор хотхон 2019 онд ашиглалтад орох ёстой байсан. Гэвч өнөөдрийг хүртэл байр ашиглалтад ороогүй 6 жилийн турш царцаж байгаатай холбоотойгоор өнгөрөгч 4-р сард холбогдох албаны зүгээс ажлын хэсгийг байгуулсан. Гэвч тодорхой үр дүн гараагүй, шийдэлд хүрээгүй тул ажлын хэсгийг ахин өөрчлөхөөр болсон юм. Харин хохирсон иргэдийн зүгээс тус хэрэгтэй холбоотой авах арга хэмжээг тодорхой сонссоны дараа суултаа зогсооно гэсэн юм.

Тухайлбал иргэн Ц.Нарантуяа нь 170 сая төгрөгөөр байр урьдчилж захиалан хохироод шүүхэд хандахад тэмдэгтийн хураамжийг гаргахын тулд 1 сая 200 мянган төгрөг мөн өмгөөллийн үйлчилгээ авахад хохирсон мөнгөн дүнгийн 10 хувиар өмгөөлнө гэх мэт урсгал зардал гарахаар байна. Байр захиалаад хохирсон 170 сая төгрөгөөс гадна шүүх, өмгөөллийн байгууллагад хандахад ийнхүү ахин нэмж зардал гаргахаар байна гэсэн юм. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд байр захиалсан иргэд хохирсон үүнд хяналт шалгалт, хэрэгжилтийг ханган ажиллаж шат шатандаа хариуцлагатай ажиллах хэрэгтэй байна гэдгийг иргэд хэлж байна.

Цар тахлын үед барилгын материал тасарсан, үүний дараа хил гааль нээгдсэн боловч импортын барилгын материалын үнэ огцом нэмэгдсэн цаашлаад барилга гүйцэтгэгч компанид банкны зээл олдохгүй байсан зэрэг олон шалтгаанаас үүдэж барилгууд царцаж иргэд хөрөнгө мөнгө, цаг хугацаагаараа хохироод байна.