Өнгөрсөн 3-р сард ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тактикийн цөмийн зэвсгээ холбоотон Беларусь улсад байрлуулна хэмээн мэдэгдсэн юм

Өнгөрсөн 3-р сард ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тактикийн цөмийн зэвсгээ холбоотон Беларусь улсад байрлуулна хэмээн мэдэгдсэн юм. Харин өнгөрсөн мягмар гарагт Беларусийн Төрийн тэргүүн Александр Лукашенко энэ долоо хоногт багтаан цөмийн зэвсэг хүлээн авахаар болсноо мэдэгджээ. Тэрээр болзошгүй түрэмгийллийн хариуд энэхүү зэвсгийг ашиглахаас татгалзахгүй гэдгээ анхааруулсан байна.

Өнгөрөгч мягмар гарагт Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко Төрийн мэдлийн Белта агентлагт өгсөн ярилцлагадаа цөмийн зэвсгийн ашиглалтын асуудлаар анхаарал татсан мэдэгдэл хийжээ. Лукашенко “Тактикийн цөмийн зэвсгийг эх орондоо хүлээн авах бүх бэлтгэлийг хангасан. Хэдхэн хоногийн дараа бид хүссэн зүйлээ авах болно. Бидний хүсэн хүлээсэн зүйл нь төсөөлснөөс ч илүү том зүйл байх болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн мэдэгджээ. 

Тэрээр болзошгүй түрэмгийллийн хариуд цөмийн зэвсгээ ашиглахаас татгалзахгүй гэдгээ мэдэгдлийнхээ үеэр анхааруулсан байна. А.Лукашенко гадаадын нэг ч цэргийг Беларусийн нутаг дэвсгэрт хөл тавиулахгүйн тулд цөмийн зэвсэг хэрэгтэй байснаа тайлбарлахдаа "Энэхүү зэвсгийг ашиглах шийдвэр гаргах үед бурхан минь надаас битгий айгаарай. Эзлэн түрэмгийллийн эсрэг үүнийг хэрэглэхдээ огтхон ч эргэлзэхгүй” хэмээн мэдэгджээ.

Өнгөрөгч 3-р сард Кремлийн тэргүүн В.Путин Украины газар нутагт үргэлжилж байгаа дайн бол ОХУ-ын аюулгүй байдалд аюул занал учруулж байгаа НАТО-ын эвслийн эсрэг хийж байгаа тулаан гэж тодорхойлсон. Мөн барууны холбоотнууд цөмийн зэвсгээ харилцан солилцдог явдал нь ОХУ-ын эрх баригчдын шийдвэрт нөлөөлсөн буюу тактикийн цөмийн зэвсгээ Беларусьт илгээхэд хүргэсэн гэж буруутгаж байсан юм.

Тэгвэл АНУ болон Өрнөдийн холбоотнууд Оросын тактикийн цөмийн зэвсгийг Беларусьт байрлуулах төлөвлөгөөг бүс нутгийн хурцадмал байдлыг даамжруулах уршигтай гэж буруутгаж байна. Гэхдээ Өрнөдийн холбоотнууд ОХУ-ын эрх баригчид Украины газар нутагт цөмийн зэвсгээр цохилт өгөх төлөвлөгөө байхгүй гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.