Мягмар гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин цэргийн алба хаагчдад хандан өөрийн улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахын тулд Украинаас их хэмжээний газар нутгийг нь булаан эзлэхийг үүрэгджээ. Мөн тэрээр Украины арми сөрөг давшилтаа эхлүүлснийг хүлээн зөвшөөрсөн ч ОХУ-ын Зэвсэгт хүчний хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч “Гамшгийн” хэмжээний хохирол амссаныг цохон тэмдэглэжээ.
Өнгөрөгч мягмар гарагт Украины эрх баригчид сөрөг давшилт нь чамгүй амжилттай үргэлжилж байгаа төдийгүй сүүлийн 7 хоногийн хугацаанд ОХУ-ын Зэвсэгт хүчний хяналтад байсан хэд хэдэн тосгоныг чөлөөлж чадсанаа мэдэгдсэн юм. Тэгвэл ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин сэтгүүлчидтэй нээлттэй уулзалт хийж, дайны нөхцөл байдалтай холбоотой мэдээллүүдийг хуваалцсан байна. Украины армийн сөрөг давшилт эхэлсэн ч тэд сүйрлийн хэмжээний хохирол амссан хэмээн мэдэгджээ. ОХУ-ын Зэвсэгт хүчин Украины 160 гаруй танк, 360 гаруй хуягт тээврийн хэрэгслийг устгасныг тэрээр онцолсон байна. Харин Украины арми сөрөг давшилтынхаа явцад ОХУ-ын ердөө 54 танкийг хэрэглээнээс гаргасныг тэрээр дурджээ. Гэвч В.Путины дурдсан тоо баримтуудыг нягтлах, баталгаажуулах боломжгүй гэдгийг Ройтерс агентлаг мэдээлж байна.
Украины армийн давшилт ОХУ-ын Белгород болон бусад хилийн бүс нутаг руу чиглэснийг В.Путин дурдаад, зэвсэгт хүчний алба хаагчдадаа хандан ийм эзлэн түрэмгийллийг зогсоох дорвитой хариу арга хэмжээ авахыг үүрэгджээ. Гэхдээ Украины арми давшилтаа үргэлжлүүлсээр байвал ОХУ-ын Зэвсэгт хүчин агаарын цохилтоо үргэлжлүүлсээр байна гэдгээ мөн тэрээр сэтгүүлчдэд ярьжээ.
ОХУ-ын зарим улс төрчид болон төрийн өндөр дээд албан тушаалтнууд нэмэлтээр цэргийн дайчилгаа зарлаж, Киев хотыг эзлэхийг Кремлийн тэргүүн В.Путинд уриалж байсан юм. Үүнтэй холбогдуулан В.Путин нэмэлт хүч дайчлах асуудалд эргэлзэж байгаа гэдгээ мэдэгдсэн байна. Тэрээр “Зарим олны танил, нөлөө бүхий хүмүүс ОХУ-ын Зэвсэгт хүчин хоёр сая цэрэг дайчилж, Украиныг бүрэн хяналтдаа оруулах талаар ярьж байна. Гэхдээ энэ нь бидний чухам юу хүсэж байгаагаас хамаарна. Бид Киевт буцаж очих шаардлагатай гэж үү. Би лав хувьдаа тэгж бодохгүй байна” хэмээн мэдэгджээ.
Владимир Путины хийсэн эдгээр мэдэгдэл нь үнэнээс хол зөрж байна гэж хөндлөнгийн шинжээчид дүгнэж байгаа юм. Хиймэл дагуулаас авсан зургуудаас Украины армийн сөрөг давшилт амжилттай үргэлжилж байгаа нь харагдаж байна. Мөн Украины цэргүүд сүүлийн гурав хоногийн хугацаанд фронтын шугам дагуу 100 орчим километр урагшилж, ОХУ-ын Зэвсэгт хүчний хяналтад байсан 10 орчим тосгон, сууриныг чөлөөлснийг хиймэл дагуулаас авсан зурагт буулгажээ.