2012-2016 онд буюу нийт 4 жилийн хугацаанд цахим орчны дээрэлхэлт, гадуурхалтад өртсөнөөс үүдэн 90 гаруй хүүхэд амиа алдсан байна. Сүүлийн жилүүдэд өсвөр насны хүүхдүүд олон нийтийн сүлжээнд бэлгийн хүчирхийлэлд өртөх тохиолдол нэмэгджээ. Тэгвэл хүүхдийг цахим орчинд хамгаалахад нэн тэргүүнд техник технологийн дэвшлийг ашиглах, гэр бүлийн орчинд нь анхаарах шаардлагатай байгааг мэргэжилтнүүд хэлж байна.
Монгол улсад интернэт хэрэглэгчийн тоо 3.2 саяд хүрчээ. Мөн давхардсан тоогоор 2.8 сая иргэн Фэйсбүүк хэрэглэдэг гэх судалгаа гарсан байна. Үүнээс дунджаар 30-40 орчим хувь хүүхэд байгаа юм. Олон нийтийн сүлжээнд хүүхдүүд нэгнээ дээрэлхэх, ялгаварлан гадуурхах, хүчирхийлэлд өртөх зэрэг тохиолдол нэмэгдсээр байгааг холбогдох албаныхан хэлж байна.
ДЭМБ-ын судалгаагаар жил бүр 200 сая хүүхэд бэлгийн мөлжлөг, хүчирхийллийн золиос болдог байна. Үүний тодорхой хувь нь цахим орчинд үйлдэгдэж, жилээс жилд хувь хэмжээ нь нэмэгдэж байгаа бөгөөд интернэт орчин нь мөлжлөг, хүчирхийлэл ихээр үйлдэгдэж байна. Тийм учраас цахим орчин дахь хүүхэд хамгааллын асуудлыг бүхий л түвшинд авч үзэх шаардлагатай байна. Цагдаагийн Ерөнхий газарт бүртгэгдсэн тоо мэдээллээр манай улсад 2019 онд 27, 2020 онд 24 хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн хэрэг бүртгэгдсэн байна.Тэгвэл хүүхдийг цахим орчинд хамгаалахад нэн тэргүүнд гэр бүлийн нөлөө чухал гэдгийг хүүхдүүд хэлж байсан юм.
Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ цахим хаягт хяналтыг тодорхой хэмжээнд тавьж байх нь чухал байдаг байна. Тухайлбал өсвөр насны охид хөвгүүд гэсэн цахим группд бэлгийн мөлжлөг, садар самуун сурталчилсан постууд ихэвчлэн ордог юм байна. Үүнийг дагаад бага насны хүүхдүүд уруу татагдах, бэлгийн мөлжлөгт орох, цаашлаад бэлгийн хүчирхийлэлд орох хандлага их байна. Иймд хуулийн хэрэгжилтийг сайжруулах, олон нийтийн дунд нөлөөллийн ажлуудыг зохион байгуулах зэрэг холбогдох бүхий л холбогдох байгууллагууд ажил хэрэг болгох шаардлагатай байгаа юм.