Жуулчны 10 бааз тутмын 8 нь стандарт хангаагүй, чанаргүй үйлчилгээ үзүүлж байна

Манай улс 2023 оныг Монголд зочлох жил болгон зарлаж нэг сая жуулчин хүлээн авах зорилт тавиад байгаа. Жуулчдыг татах олон хүчин зүйлээс хамгийн чухал нь жуулчны бааз, амралтын газруудын үйлчилгээний чанар, орчин нөхцөл. Гэвч өнөөдрийн байдлаар манай улсын 10 жуулчны баазын 8 нь стандарт хангаагүй, чанаргүй үйлчилгээ үзүүлж байна.

Энэ оны 6-р сарын байдлаар манай улсад 1600 гаруй жуулчин ирсэн байна. Монгол банкнаас гаргасан судалгаагаар манай улсад ирсэн нэг жуулчнаас 1964 ам.доллар буюу ойролцоогоор 6 сая 700 мянга төгрөг улсад үлддэг байна. Уг мөнгөн дүнг Турк, Төв Ази, Зүүн Өмнөд Азийн улс орнуудтай харьцуулахад Монгол улс дахь аяллын өртөг өндөр байгаа юм. Өртөг өндөр хэдий ч жуулчны бааз, амралтын газруудын үйлчилгээ олон улсын стандартыг хангаагүй, өглөөний цай, халуун ус, жорлонгийн асуудал хөндөгдсөн хэвээр байгааг салбарын төлөөлөл хэлж байна. Аяллын хөтөч, тайлбарлагчдын судалгаагаар 10 жуулчны баазын 8 нь стандарт хангаагүй, чанаргүй үйлчилгээ үзүүлж байна.

Зөвхөн жуулчдад төдийгүй дотоодын аялагч, иргэдэд ч амралтын газар, баазуудын үйлчилгээ хангалтгүй байна.

Үйлчилгээний чанар, стандартын асуудал нь зөвхөн нэг ажилтан, үйлчилгээний газрын асуудал бус нэгдсэн стандарт, чанар шалгалт шаардлагатай гэж үзэж байна.

Аялал жуулчлалын салбарт энэ мэтчилэн тулгамдсан асуудлууд цөөнгүй бий. Тиймээс төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж чадвар манай улсын эдийн засагт өндөр үр өгөөжтэй салбар гэдгийг онцолж байсан юм.