Хакерууд АНУ-ын Засгийн газрын хэд хэдэн агентлагийн өргөнөөр хэрэглэдэг программ хангамжийн эмзэг байдлыг ашиглан кибер халдлага үйлдсэн талаар АНУ-ын Кибер аюулгүй байдлын агентлагаас пүрэв гарагт мэдээлжээ. Холбогдох албаныхан халдлагаас үүдсэн хохирлын хэмжээг тооцоолж, доголдол саатлыг цаг алдалгүй арилгахаар ажиллаж байгаа юм байна.
Пүрэв гарагт АНУ-ын Засгийн газрын хэд хэдэн агентлагийн өдөр тутамдаа ашигладаг программ хангамжид гадны этгээдүүд өргөн хүрээний кибер халдлага үйлджээ. Одоогоор Кибер аюулгүй байдлын агентлаг халдлагын хохирол, үр дагаврыг тодорхойлж, доголдол саатлыг цаг алдалгүй арилгахын тулд шуурхай ажиллаж байна.
Хакерууд Нэгдсэн улсын Засгийн газрын агентлагуудын өгөгдөл дамжуулах “Progress Move-It” программ хангамжийн сул талыг ашиглан халдлага үйлджээ. Холбооны мөрдөх товчоо болон АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын албанаас кибер халдлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг шаардсан ч Кибер аюулгүй байдлын албанаас хохирлын хэмжээг тодорхойлсны дараа тайлбар өгөхөө хариу мэдэгдсэн байна.
Progress компанийн зохион бүтээсэн Move-It программыг АНУ-ын Төрийн байгууллагууд ихэвчлэн мэдээлэл, өгөгдөл, файл дамжуулахдаа ашигладаг байна. Мөн Төрийн сангаас зээл авах хүсэлт илгээхийн тулд аж ахуйн нэгжүүд тус программ хангамжийг ашигладаг ажээ.
Кибер халдлагыг хэн үйлдсэн нь одоогоор тодорхойгүй байна. Энэ сарын эхээр АНУ, Их Британийн кибер аюулгүй байдлын албаныхан Мove-It программ хангамжийг Оросын кибер гэмт хэргийн бүлэглэл хакердахаар зэхэж байгаа талаар Засгийн газрын агентлагуудад анхааруулж, сонор сэрэмжээ нэмэгдүүлэхийг уриалж байжээ.