НАТО-ын гишүүн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалт Литва улсын нийслэл Вильнюс хотноо зохион байгуулагдах гэж байна

Ирэх 7-р сарын 11-ний өдөр Умард Атлантын Гэрээний байгууллага буюу НАТО-ын гишүүн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалт Литва улсын нийслэл Вильнюс хотноо зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар улс орнуудын удирдагчид цэргийн эвслийн төсвийг нэмэгдүүлэх, Украин, Гүржийн гишүүнчлэлийн асуудлыг голлон хэлэлцэх төлөвтэй байна.

НАТО-ын дээд хэмжээний уулзалт эхлэхээс өмнө Швед улсыг цэргийн эвсэлд гишүүнээр элсүүлэх асуудалд Өрнөдийн холбоотнууд ихээхэн анхаарал хандуулж байгаа юм. Гэвч Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Нордикийн улсыг эвсэлд нэгтгэх асуудалд хориг тавьсан хэвээр байна.

Дээд хэмжээний уулзалтаар НАТО-Украины улс төрийн харилцааг улам гүнзгийрүүлэн бэхжүүлж, цэргийн эвслийн аливаа уулзалт, зөвлөгөөнд Украин улсыг илүү өндөр статус, ач холбогдолтойгоор оролцуулах талаар хэлэлцэх юм байна.

Түүнчлэн одоогоор Болгар улсад бэлтгэл сургуулилалт хийж байгаа НАТО-ын эвслийн цэргүүдийг Украин руу илгээх саналыг Чех, Эстони тэргүүтэй эвслийн гишүүн орнуудын удирдагчид дэвшүүлнэ гэж эх сурвалжууд мэдээлжээ. Нөгөөтээгүүр цэргийн эвслийн гишүүн орнуудын удирдагчид дайн тулаантай байгаа тул Украиныг одоогоор НАТО-д гишүүнээр элсүүлэх боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. Гэвч Польш тэргүүтэй Балтийн Тэнгисийн орнуудын эрх баригчид дайн дуусгавар болсны дараа Украин улсыг цэргийн эвсэлд нэгтгэх нарийн товыг тодорхой болгохыг хүсэж байна. Иймд уг дээд хэмжээний уулзалтаар АНУ, Их Британи зэрэг эвслийн нөлөө бүхий улсуудын удирдагчдаас тодорхой амлалт авахаар төлөвлөж байна.

Харин НАТО-ын эвслийн тэргүүн Йенс Столтонберг Украин, Гүрж хоёр улсыг эвсэлд гишүүнээр элсүүлэх тохиролцоонд хэдийн хүрсэн талаар мэдэгдсэн ч чухам хэзээ гэдэг талаар тайлбар өгөхөөс татгалзсан байна. НАТО-ын гишүүн улс нь ДНБ-ий 2 хувийг Батлан хамгаалах салбартаа зарцуулах журмыг батлахаар зэхэж байгаа талаар эх сурвалжууд мэдээлжээ.