Иргэд барилга гүйцэтгэгч компанийн мэдээллийг ULAANBAATAR.MN, SHILEN.GOV.MN сайтаас харах боломжтой

Орон сууцны барилга гэрээнд заагдсан хугацаандаа ашиглалтад ороогүй тохиолдолд алданги тооцох байдлаар гэрээгээ хийсэн боловч энэ нь хэрэгжээгүй, цаашлаад захиалсан байрандаа ч орж чадахгүй байгаа олон иргэд хохирсоор байна.  Иргэд орон сууц урьдчилан захиалах, худалдан авах гэрээ  байгуулахдаа гүйцэтгэгч компани барилга барих зөвшөөрөлтэй эсэхээс авхуулаад өмнөх хийж гүйцэтгэсэн барилгын ажлуудтай нь танилцах, худалдан авахад төлбөрийн нөхцөл нь уян хатан эсэх зэрэг бүх холбогдох мэдээллийг сайтар нягтлан судлах хэрэгтэй гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Иргэн орон сууц урьдчилан захиалах гэрээ байгуулахдаа тухайн компани барилга барих зөвшөөрөлтэй эсэх, барилга барих газрын зөвшөөрлийг тус компани эзэмшдэг эсэх, стандарт, норм дүрмээ хэрхэн биелүүлж ажиллах, техникийн нөхцөлөө хангасан уу зэрэг олон талыг судалж гэрээг байгуулах хэрэгтэй юм. Энэ талаарх мэдээллийг ULAANBAATAR.MN, SHILEN.GOV.MN сайтаас иргэд харах боломжтой.

Барилга, орон сууц урьдчилан захиалах гэрээнд төлбөрийг хувааж төлөх уян хатан зохицуулалт хэрэгтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл, тухайн барилгын үйл явц хэдэн хувьтай явж байгаатай уялдсан төлбөр төлөлтийн систем олон улсад хэрэгждэг байна.

Мөн сүүлийн үед барилга гүйцэтгэгч компаниуд банкнаас зээл авч, барьж буй барилгаа барьцаалах тохиолдол их байна. Үүнээс шалтгаалж тухайн барилгын компанид банкнаас зээл гарахгүй, барилга царцах цаашлаад иргэд хохирох тохиолдол их гарч байна.