УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа. Санал хураалтад оролцсон 46 гишүүний 91.3 хувийн саналаар хуулийн төслүүдийг эцэслэн баталжээ.
2024 оны сонгуульд УИХ-д 126 гишүүн сонгохоос 78 нь тойргоос, 48 гишүүн намын жагсаалтаар сонгогдох юм. Эмэгтэй нэр дэвшигчдийн квотыг 30 хувь болгож тогтоосон бол намын жагсаалтад хүйсийн харьцааг 1 харьцах 1 байх зарчмыг баримтлах юм байна.
- Нэр дэвшүүлэхдээ ардчилсан ёс, шударга ёсны зарчмыг баримталж, нийгмийн бүлгийн төлөөллийг харгалзах,
- Нам, эвслээс жагсаалтаар нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны нэгдсэн хэвлэмэл материал нь гурван хэвлэлийн хуудаснаас хэтрэхгүй байх,
- Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах зардал энэ хуулийн 50.1-д заасны дагуу тогтоосон зардлын дээд хэмжээний 15 хувиас хэтрэхгүй байх,
- Нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ намын гишүүн, дэмжигчээсээ мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө, үйлчилгээ, барьцаа, дэнчин авахыг хориглох зэрэг нийт 13 зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.