Өнгөрөгч ням гарагт Атлантын далайн ёроолд байгаа сүйрсэн “Титаник” хөлгийг үзэж сонирхохоор шумбагч хөлгөөр зорчиж явсан аяллын баг сураггүй алга болжээ. Бага оврын шумбагч онгоц далайн ёроол руу хөдөлснөөс хойш нэг цаг 45 минутын дараа холбоо тасарсан байна. Шумбагч онгоцонд 5 хүн зорчиж явжээ.
Аврах ажиллагаа Атлантын далайн гүнд үргэлжилсээр байгаа ч одоогоор хөлөг онгоцны байршлыг тодруулж чадаагүй хэвээр байна. Аврах ажиллагаанд АНУ, Канадын тусгай албаны ажилтнууд оролцож байгаагаас гадна Тэнгисийн цэргийн флотын алба хаагчид, мэргэжлийн шумбагчид далайн гүн дэх эрэн хайх ажиллагаанд нэгджээ.
Хөлгийн багийн гишүүдэд ойролцоогоор 70 орчим цагийн хүчил төрөгчийн нөөц үлдсэн гэж тооцоолж байна. Мөн зорчигчдын дунд Их Британийн тэрбумтан бизнесмен, судлаач Хэмиш Хардинг байгаа юм байна. Мөн Пакистаны нэгэн бизнесмен хүүгийн хамтаар зорчиж яваа гэж гэр бүлийнхэн нь мэдэгджээ.
Түүнчлэн шумбагч онгоцонд шумбах аяллын гүйцэтгэгч компани “Oceangate” компанийн гүйцэтгэх захирал байгаа гэдгийг Канадын аврах албанаас мэдээлжээ. Канадын Сэйнт Жонс хотын далайн эргээс хөдөлсөн аялагчид шумбагч хөлгөөр 640 км зайд шумбаж, “Титаник”-ийн живсэн газарт хүрдэг байна.
Тэдний үзэж сонирхохоор зорин явсан далайн ёроол дахь “Титаник” хөлөг 1912 онд 1.500 гаруй зорчигч тээн АНУ руу анхны аялалдаа гарсан ч мөсөн уул мөргөсний улмаас живж байсан юм.