2023 оны санхүүгийн жилийн эхний хагаст БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарч, үйлдвэрлэлийн болон экспортын хэмжээ буурсан байна

2023 оны санхүүгийн жилийн эхний хагаст БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарч, үйлдвэрлэлийн болон экспортын хэмжээ буурсан байна. Үүнтэй холбогдуулан Хятад улсын төв банк эдийн засгаа дэмжихийн тулд жишиг зээлийн хүүгээ дахин буруулжээ. Энэ нь өнгөрсөн нэг сарын хугацаанд  бодлогын хүүгээ хоёр дахь удаагаа сулруулсан явдал юм.

Даваа гарагт БНХАУ-ын Төв банк жишиг зээлийн хүүгээ сүүлийн нэг сарын хугацаанд хоёр дахь удаагаа бууруулсан нь өрхийн санхүүгийн ачааллыг бууруулж, үл хөдлөх хөрөнгийн салбарыг тогтворжуулахад тус дөхөм болох гэсэн оролдлого ажээ. Хятадын Ардын банкны бодлого тодорхойлогчид жишиг зээлийн хүүг 4.3-4.2 хувьд хүргэн бууруулсан бол аж ахуйн нэгжийн дунд хугацааны зээлийн жишиг болох нэг жилийн зээлийн үндсэн хүүг мөн 3.65-3.55 хувьд хүргэн бууруулсан байна.

Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын Төрийн зөвлөл зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлэх, бодит эдийн засгаа бэхжүүлэх, эдийн засгийн салбар дахь эрсдэлийг бууруулах зорилгоор "илүү хүчирхэг, томоохон багц арга хэмжээ” хэрэгжүүлэх гэж байгаагаа зарлажээ.

Тэгвэл хөндлөнгийн шинжээчид Хятадын эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгүүр гэж үздэг үл хөдлөх хөрөнгийн салбарт Төрийн зүгээс илүү их дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгааг онцолж байна. БНХАУ-ын Хөрөнгийн зах зээлийг тогтворжуулахад хүлээлт, итгэлийг нэмэгдүүлэх нь амин чухал гэж үзэж байна. 

Үл хөдлөх хөрөнгө нь Хятад улсын иргэдийн томоохон өмч, өр төлбөрийн болон зээлийн хамгийн том баталгаа, эх үүсвэр юм. Гэвч сүүлийн жилүүдэд Хятадын хэд хэдэн томоохон барилгын компаниуд хөрөнгө оруулагчдын болон хэрэглэгчдийн захиалгын төлбөрийг үр дүнгүй төслүүдэд хөрөнгө оруулсны улмаас дампуурсан байна. Мөн үл хөдлөхийн болон барилгын компаниуд олноороо барилга барьж эхэлсэн ч хэрэглэгчийн худалдан авалт болон зах зээлийн үнэлгээг Төр засгаас тогтоосны улмаас хэрэглэгчийн итгэл алдарч, үл хөдлөхийн салбар нь уналтад орсон юм.

Харин одоо БНХАУ-ын бодлого тодорхойлогчид ипотекийн зээлийн квотыг хэдийн цуцалсан бол хэрэглэгчийн худалдан авалтад тавьсан хязгаарлалтаа цуцалж, нэг хэрэглэгч хэд хэдэн бүс нутагт олон тооны үл хөдлөх хөрөнгө худалдаж авах эрхийг эргэн сэргээхээр хэлэлцэж байна.