АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений Бээжинд хийсэн хоёр өдрийн айлчлалын үеэр хоёр улсын төрийн өндөр дээд тушаалтнууд хурцадмал харилцаагаа тогтворжуулах амлалт өгчээ. Даваа гарагт Нэгдсэн улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар өрсөлдөгч Их гүрнүүдийн хоорондын дээд түвшний харилцаа холбоог дахин эхлүүлэх зөвшилцөлд хүрсэн байна.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Энтоний Блинкений айлчлалаар хоёр улсын харилцаанд ахиц дэвшил гарсан” гэж мэдэгдсэн бол Энтони Блинкен “Талууд цаашид тулгамдсан асуудлуудаар яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна” хэмээн хариу мэдэгджээ. Гэхдээ хоёр улсын бодлого тодорхойлогчдын дунд томоохон санал зөрөлдсөн асуудлууд байсаар байгаа тухай АНУ-ын тэргүүлэх Дипломатч Э.Блинкен тодорхой хэлсэн байна. Хятад улсын Ардын Их Хурлын танхимд 30 гаруй минут үргэлжилсэн уулзалтын дараа Энтони Блинкен “Хоёр улсын харилцаанд саад тотгор болж байгаа аливаа асуудлыг Ши Жиньпин даргад тодорхой тайлбарлалаа. Хоёр улсын тогтвортой харилцаа нь үндэстнүүдийн ялгаатай байдлыг зохицуулах, өрсөлдөөнийг зөрчил болгохоос сэргийлэх хамгийн оновчтой арга юм” хэмээн хэлжээ. Тэрээр “Би Хятад нөхдөөсөө ч үүнтэй ижил үгсийг сонслоо. Хоёр улс харилцаагаа тогтворжуулах хэрэгтэй байгаа гэдэгт бид санал нэгдсэн” гэдгээ онцолжээ.
Бээжин, Вашингтоны харилцаа Доналд Трампын Засаглалын үеийн худалдааны дайн, Тайванийн хойгийн хурцадмал байдал, Хятадын тагнуулын бөмбөлөг зэрэгтэй холбогдуулан түүхэн доод түвшиндээ хүрээд байгаа юм.
Энтони Блинкений Хятад улсад хийсэн айлчлалтай холбогдуулан АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден “Вашингтон Бээжинг зөвхөн өрсөлдөгчийн дүрээр хардаг төдийгүй огт дайснаа гэж үздэггүй” хэмээн сэтгүүлчийн асуултад хариулжээ. Түүнчлэн Энтони Блинкен айлчлалынхаа үеэр Тайванийн тусгаар тогтнолыг АНУ-ын Засгийн газар огт дэмжихгүй байгаа ч эдийн засгийн болон үзэл суртлын хувьд тусгаарлаж байгаа явдлыг хөндлөнгөөс ажиглаад суухгүй гэдгээ илэрхийлсэн байна.
Үүнээс гадна БНХАУ-ын Засгийн газар Украинд дайны ажиллагаа явуулж байгаа ОХУ-ын зэвсэгт хүчинд үхлийн аюултай зэр зэвсгийг илгээхгүй байх амлалтыг өгсөн байна. Гэхдээ Энтони Блинкен Хятадын хувийн технологийн компаниуд Оросын армид зарим нэр төрлийн зэвсгийг худалдаж байгаа асуудалд санаа зовниж байгаа гэдгээ илэрхийлжээ.