Манай улсын инфляцын түвшин өндөр байгаа нь Төв банк зээл олголтыг хумихад хүргэж болзошгүй байна

2023 оны дэлхийн өрсөлдөх чадварын тайланг танилцуулжээ. Тус тайлангийн өмнөх онуудын нэгдсэн үзүүлэлтээс харвал манай улс 2018 оноос хойш өрсөлдөх чадварын үзүүлэлтээрээ тасралтгүй буурсан байна. Энэ нь засаглалын тогтворгүй байдал, Төв банкны буруу бодлого зэргээс шалтгаалж байгааг мэргэжилтнүүд байгаа юм. Энэ оны дэлхийн өрсөлдөх чадварын тайланд:

  • 2023 онд  Дани, Ирланд, Швейцар, Сингапур, Нидерланд зэрэг улс орнууд  өрсөлдөх чадвараар жагсаалтыг тэргүүлжээ.
  • Харин өрсөлдөх чадвар хамгийн сул улсуудаар өмнөх жилийн адилаар Бразил, Өмнөд Африк, Монгол, Аргентин, Венесуэл зэрэг улсууд нэрлэгдсэн байна.
  • Үүн дотор Монгол улс өрсөлдөх чадварын үзүүлэлтээр тус тайланд хамрагдсан нийт 64 улсаас 62-т эрэмбэлэгдсэн нь өмнөх оноос 1 байр ухарсан үзүүлэлт юм.
  • Мөн Ази, Номхон далайн нийт 14 улсаас Монгол улс нь хамгийн сүүлд эрэмбэлэгджээ.

Дэлхийн өрсөлдөх чадварын тайланд дурдсанаар Монгол улсын инфляцын түвшин өндөр байгаа нь Төв банк зээл олголтыг хумихад хүргэж болзошгүй цаашлаад ажилгүйдэл, ядуурал, тэгш бус байдал нь нийгмийн тулгамдсан асуудал хэвээр үргэлжлэхээр байгааг онцолжээ. Мөн валютын ханш өндөр, урьдчилан таамаглахад хэцүү байгаа нь хөрөнгө оруулалт хийх шийдвэр гаргахад хүндрэл учруулж байна гэсэн юм. Тиймээс Монгол банк мөнгөний бодлогын шийдвэрээ зөв зохистой гаргах хэрэгтэй талаар зөвлөж байна.

Дэлхийн өрсөлдөх чадварын тайлангаас харвал Монгол улс нь татвар бүрдүүлэлтээр бусад улсаас өндөр буюу 27-р байрт байгаа ч татварын бодлого зөв байна гэсэн асуултаар 64 улсын 62-рт жагсаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, татварын зарцуулалт үр ашиггүй  байна гэдгийг онцлон танилцууллаа.

Мөн тус тайланд дурдсанаар сонгууль, улс төрийн мөчлөгөөс хамааралтай байх нь эдийн засагт хүндрэл үүсгэж болзошгүй байгаа юм. Цаашлаад Орос-Украйны дайны улмаас үүссэн геополитикийн хурцадмал байдал болон Бээжин Тайваны хоорондох нөхцөл байдал нь Монголын эдийн засагт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна.

Тайлангаас харахад харьцангуй жижиг эдийн засагтай улс орнуудын өрсөлдөх чадвар хурдан сайжрах хандлага ажиглагдаж байгаа ч Монгол улсын хувьд анх 2015 онд 57 дугаарт эрэмбэлэгдэж байсан бөгөөд энэ хүртэлх хугацаанд хамгийн өндөр үзүүлэлт байсан юм. 2018 оноос хойш ийнхүү Монгол улсын өрсөлдөх чадвар тогтмол буурч байнга сүүл мушгих болсон талаар тус судалгааны төвөөс танилцуулж байсан юм.