АНУ-ын Ерөнхийлөгчийн хүү Хантер Байден татвараас зайлсхийсэн болон галт зэвсэгтэй холбоотой гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрчээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены хүү Хантер Байден татварын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн төдийгүй хар тамхи хэрэглэдэг байхдаа хууль бусаар галт зэвсэг эзэмшсэн гэдгээ хуулийн байгууллагад мэдүүлжээ. Хантер Байден сүүлийн таван жилийн турш хуулийн байгууллагуудын мөрдөн шалгах ажиллагааны гол бай болсон бөгөөд прокуроруудтай хийж байгаа хэлэлцээний хүрээнд зарим гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг хэвлэлүүд мэдээлж байна.

Хантер Байден хэргээ хүлээх тохиролцоонд хүрсэн тухай АНУ-ын Делавэр мужийн прокурорын газраас анхлан мэдээлжээ. Гэхдээ Ерөнхийлөгчийн хүү болон хуулийн байгууллагынхан Хантер Байденыг шоронд хорихгүй байхаар тохиролцсон болов уу гэж ажиглагчид таамаглаж байна. Нөгөөтээгүүр хэргийн эцсийн шийдвэрийг Делавэр мужийн шүүх гаргах юм. Хуулийн дагуу түүний үйлдсэн татварын хэрэгт 1 жил, галт зэвсэг эзэмших хэрэгт нь 10 жилийн хорих ял оногдуулах ёстой гэж шүүмжлэгчид үзэж байна. Мужийн прокурорын газраас яллах дүгнэлт хэрхэн үйлдэх нь тодорхойгүй байна.

Хантер Байденыг хорт зуршлаасаа салж, амьдралаа өөрчилж байгаа явдалд түүний эцэг ихэд баяртай байгаа юм байна. Хүү нь хуулийн байгууллагатай хамтран ажиллаж, хэргээ хүлээж байгаа нь алдаагаа ухаарч, хариуцлагаа хүлээх боломж гэж Жо Байден өмнө нь мэдэгдэж байсан юм.

53 настай Хантер Байден өмнө нь Хятад, Украинд хуульч, улс төрийн лобби мэргэжилтнээр ажиллаж байжээ. Тэрбээр 2014 онд хориотой бодис биедээ авч явах үедээ баривчлагдаж, улмаар хөнгөн ялаар шийтгүүлсэн байна. Түүнчлэн 2018 онд тэрээр галт зэвсэг худалдаж авахдаа хуурамч бичиг баримт ашигласан, мөн үүнийгээ хуулийн байгууллагад худал мэдүүлснээ хүлээжээ. Сүүлийн 10 гаруй жилийн турш орлогоо тайлагнахдаа татварын хөнгөлөлт эдлэхийн тулд Хантер Байден зарим баримтыг хуурамчаар үйлдсэн нь ийнхүү мөрдөн байцаалтын  үр дүнд нотлогдсон байна. 

Харин Нэгдсэн улсын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Цагаан ордны тэргүүний 53 настай хүү Хантер Байдены хэргээ хүлээсэн үйл явцыг хурцаар шүүмжилжээ. АНУ-ын Хууль зүйн яам насаар нь хорих хэмжээний гэмт хэрэгт замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хэмжээний торгууль, шийтгэл ногдуулж байгаа нь шударга ёс үгүй болсныг илэрхийлж байна хэмээн тэрээр твиттер хуудастаа жиргэжээ.