Францын цагдаагийн газраас “Парис-2024” олимпын наадмыг зохион байгуулах хороог ашиг хонжоо хайсан хэргээр шалгаж байна

Франц улсын цагдаа болон прокурорын газраас “Парис 2024” зуны олимпын наадмыг зохион байгуулах хорооны гишүүдийг төсвийн хөрөнгө шамшигдуулсан, ашиг хонжоо хайсан хэргээр шалгаж байгаа талаар мягмар гарагт мэдэгджээ. Холбогдох байгууллагаас "Парис 2024" олимпын наадмыг зохион байгуулах хорооны төв байрт нэгжлэг хийсэн байна.

Францын үндэсний прокурорын газрын санхүүгийн гэмт хэргийг хянан шалгах албанаас 2017 онд тус улс зуны олимпын наадмыг зохион байгуулах эрх авснаас хойших бүх хөдөлмөрийн, ажлын болон худалдан авах гэрээнүүдэд урьдчилсан байдлаар шалгалт явуулсны үндсэн дээр гэмт хэргийн шинжтэй олон үйлдэл байсныг тогтоосноор хэрэг нээх тушаал гаргажээ.

Францын авлигатай тэмцэх газар, цагдаагийн болон үндэсний прокурорын газрын хамтарсан эхний мөрдөн шалгах ажиллагааны дараа "Хууль бус ашиг сонирхлын зөрчил, төсвийн хөрөнгийг зүй бусаар зарцуулсан” баримтуудыг цуглуулж чадсанаа мэдэгдсэн байна.

Харин “Парис-2024” зуны олимпын наадмын зохион байгуулах хорооноос хуулийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагаанд огт хүндрэл учруулахгүй, хамтран ажиллаж байгаа гэдгээ мэдэгдсэн бөгөөд нэмэлт тайлбар хийхээс татгалзжээ.

Парисын зуны олимпын наадам 2024 оны 7-р сарын 26-аас 8-р сарын 11-ний хооронд үргэлжлэх бол паралимпын наадам 8-р сарын сарын 28-аас 9-р сарын 6-ны хооронд болох тов зарлагдаад байгаа юм.

2017 онд олимпын наадмыг зохион байгуулах хорооноос тус наадмыг зохион байгуулах нийт төсвийг 7.2 тэрбум америк.доллар гэж мэдэгдэж байсан ч 2021 онд урсгал зардлын хэмжээгээ өсгөж, 10 тэрбум ам.долларт хүргэсэн байна.

Францын аудитын удирдах газраас мэдээлснээр зөвхөн аюулгүй байдлын зардалд багадаа 500 орчим сая ам.доллар, зарим спортын барилга байгууламжуудыг сэргээн засварлахад 1 тэрбум ам.доллар зарцуулсан нь асуудал дагуулж байна. Мөн эдгээрийг гүйцэтгэх аж ахуйн нэгжийн сонгон шалгаруулалт буюу тендерт ихэвчлэн тус олимпын наадмыг зохион байгуулах хорооны гишүүдийн хамаарал бүхий компаниуд ялсан байж болзошгүй байна.