Нийслэлийн авто замын чадамж стандартад заасан хэмжээнээс 3 дахин хэтэрч өнөөдрийн байдлаар 600 мянга гаруй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Тэгвэл нийслэлийн авто замын түгжрэлийг сааруулж, автомашины хэрэглээг багасгах шийдлүүдийн нэг нь цахилгаан скүүтэрийн түрээсийн үйлчилгээ гэж үзэж байна.
Улаанбаатар хотын авто замын сүлжээний урт сүүлийн 10 жилийн хугацаанд 954 км-ээс 1136 км болж 19 хувиар нэмэгдсэн бол, тээврийн хэрэгслийн тоо 234.2 мянгаас 624.8 мянга болж 2.4 дахин нэмэгдээд байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд 570 орчим мянган автомашин оролцож байгаа бөгөөд оргил цагийн ачааллын үед авто тээврийн хэрэгслийн дундаж хурд 8.9-10.8 км/цаг байна. Авто машины хэрэглээ энэ хэвээрээ үргэлжилбэл 2030 онд 5 км/цаг, 2040 онд дээд цэгтээ хүрч бүтэн өдрөөр түгжрэх нөхцөл үүсэхээр байна. Тиймээс аль болох авто машинаас татгалзаж унадаг дугуй, цахилгаан скүүтэрийн хэрэглээ болон явганаар зорчихыг олон улсын судалгаанд зөвлөдөг байна.
Зах зээлээс шалтгаалж хүн бүр скүүтэр авч унах нөхцөл боломж нь хомс. Мөн бүтэн өдрийн туршид скүүтэрээ унаж явах нь зогсоолын асуудлаас эхлээд гэнэтийн нөхцөлд тээвэрлэж авч явахад хүндрэлтэй байдаг байна. Тиймээс скүүтэр түрээсийн үйлчилгээ нь хэрэгцээтэй үед хүссэн газартаа зорчиход хялбар байгааг иргэд хэлж байна.
Өнөөдрийн байдлаар 3000 скүүтэр үйлчилгээнд гаргасан бөгөөд удахгүй харилцагч холбогдож заавар, үйлчилгээ авах утасны дугаарыг ашиглалтад оруулахаар бэлтгэж байна. Судлаачдын үзэж байгаагаар 5-6 сарын дараагаар цахилгаан скүүтэрийн хэрэглээ түгжрэлийг бууруулахад хэрхэн нөлөөлж байгаа талаарх бодит судалгаа гарах боломжтой юм байна.