Гандантэгчэнлин хийдэд шавилан суралцаж байгаа хүүхэд биеийн болоод бэлгийн дарамт, хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй хэрэг гарсан. Тэгвэл өсвөр насны хүүхдүүд олноороо байрладаг тус хийдийн дотуур байранд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажил, бэлгийн боловсрол олгох сургалтыг тогтмол явуулах шаардлагатай гэж хуульч, мэргэжилтнүүд хэлж байна.
Хэрвээ хүүхэд эрх үүргээ сайтар мэддэг, мэдээлэлтэй бол элдэв хэрэг зөрчлөөс өөрийгөө хамгаалах бүрэн чадамжтай болдог. Тийм ч учраас хүүхдүүдэд энэ төрлийн хүүхдийн эрхийн мэдээлэл хангалттай хүрэх ёстой. Одоогоор хүүхэд хамгааллын төрийн захиргааны байгууллага болох Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас жилд нэг удаа дотуур байруудад сургалт нөлөөллийн ажил зохион байгуулж байна.
Өсвөр насны хүүхдүүд нэгнээ хүчирхийлсэн байж болзошгүй хэрэгт хүүхдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн захиргааны байгууллага болох Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас дүүргийн иргэдийн хурлын шийдвэрийн дагуу хамтарсан баг гарч тус хэрэгт ажиллаж байна. Хэрэв хохирогч талын зүгээс хамгааллын үйлчилгээ авах хүсэлтээ гаргасан бол хүүхэд хамгаалах байгууллагын хамгаалалтад хамрагдах боломжтой. Гэвч тухайн хүүхдийн гэр бүлийн зүгээс хамгаалалтад орохоос татгалзсан байна.
Олон нийтийн цахим сүлжээнд цацагдсан мэдээллийн дагуу Баянгол дүүргийн цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн. Хэрэв бага насны хүүхэд хүчирхийлэлд өртсөн хэрэг тогтоогдвол хэрэг үйлдэгч этгээдэд Эрүүгийн хуульд заасны дагуу 12-20 жилийн ял шийтгэл оноох эсхүл бүх насаар нь хорих хуулийн заалттай юм байна.