Цагаан ордны тэргүүн Жо Байден өнгөрсөн 4-р сард 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр дахь удаагаа нэр дэвшинэ гэдгээ зарласан юм. Тэгвэл өнгөрөгч ням гарагт тэрбээр албан ёсоор сонгуулийн сурталчилгааны кампанит ажлаа эхлүүлсэн байна.
Жо Байден сонгуулийн кампанит ажлаа өөрийн төрсөн газар болох Пенсильвани мужаас эхлүүлжээ. Тэрээр ням гарагт үйлдвэрчний эвлэлийн 2000 орчим гишүүдтэй уулзаж санал солилцон, сонгуулийн мөрийн хөтөлбөрөө танилцуулсан байна. Жо Байден үйлдвэрчний эвлэлийн гишүүдтэй уулзах үеэрээ АНУ-ын түүхэн дэх хамгийн их эв нэгдлийг баримтлагч, дэмжигч Ерөнхийлөгч гэдгээ бахархалтайгаар мэдэгдэж байжээ.
Жо Байден Нэгдсэн улсын эдийн засаг бол дээрээсээ доошоо чиглэлтэй бус харин доороос дунд, цаашлаад дээшээ гэсэн чиглэлтэй гэдгийг кампанит ажлынхаа үеэр онцлон тэмдэглэжээ. Энэ нь Америкийн эдийн засгийг хөрөнгөтөн, тэрбумтнууд бус дундаж давхарга босгодог гэж үздэгтэй нь холбоотой юм.
Сүүлийн үеийн санал асуулгын дүнгээс харвал АНУ-ын иргэдийн тал хувь нь түүний өндөр нас, биеийн эрүүл мэндэд ихэд санаа зовниж байгаа юм. Гэхдээ Ардчилсан нам дотроос Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх өөр жинтэй сонголт одоогоор байхгүй гэж ажиглагчид үзэж байна.
Тэгвэл Бүгд найрамдах намаас нийт 11 нэр дэвшигч Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийн тулд нам доторх сунгаандаа тэмцэж байна. Тэдний дунд Ерөнхийлөгч асан Дональд Трамп, мөн Трампын хамгийн том өрсөлдөгч гэгддэг Флорида мужийн захирагч Рон Десантис нар багтжээ.