БНСУ-ын Сөүл хотод хэт халах төлөвтэй байгаа тул аюулгүй байдлын сэрэмжлүүлэг өгчээ

Өнгөрөгч ням гарагт БНСУ-ын нийслэл Сөүл хотын захиргаа цаг агаар хэт халах төлөвтэй байгаа тул 2023 оны анхны халууны сэрэмжлүүлгийг гаргажээ. Ирэх гурван долоо хоногийн хугацаанд Сөүл орчмын агаарын температур цельсийн 33 хэм болон түүнээс давж халах төлөвтэй байгаа тул халууны сэрэмжлүүлэг, зөвлөмжийг дагахыг оршин суугчид болон жуулчдад анхааруулсан байна.

Зөвлөмжийн дагуу Сөүл хотын захиргаа автобусны буудал, олны ихээр зорчдог бүсэд тусламжийн өрөө нээж, хэт халуунаас үүдэлтэй эрсдэл учрахаас өмнө шуурхай арга хэмжээ авах бэлтгэл хангажээ. Түүнчлэн олон нийтийн ажилтнууд ганцаараа амьдардаг ахмад настнуудтай өдөр бүр холбогдон, аюулгүй байдлыг нь шалгаж, орон сууцуудаар эргүүл хийхээр бэлтгэж байна.

БНСУ-ын эрх баригчдын мэдээлснээр уг зөвлөмжийг зөвхөн Сөүл хот бус тус улсын нийт 13 бүс нутагт дагаж мөрдөнө гэдгийг онцолжээ. Өнгөрсөн жилийн өдийд тус улсад цаг агаар мөн хэт халж, халууны сэрэмжлүүлэг гаргаж байжээ. Цаг агаарын хэт халалтын улмаас Өмнөд Солонгост жилд хэдэн арван хүн нас бардаг байна.

Мөн ид халууны үеэр эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд гадаад орчинд хөдөлмөр эрхэлдэг хүмүүст хяналт тавьж ажиллана гэдгийг хэвлэлүүд мэдээлжээ.