Элсэлтийн ерөнхий шалгалтын 8 хичээлийн гүйцэтгэл өмнөх оноос буурсан үзүүлэлттэй байна

Элсэлтийн ерөнхий шалгалт улсын хэмжээнд 6-р сарын 15-18-нд болж өнгөрсөн. Шалгалтад давхардсан тоогоор 93.266 сурагч оролцсон бол шалгалтын дундаж оноо 502.6 байна. Шалгуулагчдын дүн оноог өмнөх жилийн шалгалтын дүнтэй харьцуулж үзэхэд нийт 10 хичээлийн 8-ынх нь дүн оноо буурсан үзүүлэлттэй байна.

Элсэлтийн ерөнхий шалгалтын арван хичээлийн гүйцэтгэл өмнөх оны дунджаас тодорхой түвшинд буурсан үзүүлэлттэй гарчээ. Гэвч уг шалгалтаар боловсролын чанарыг бүхэлд нь дүгнэх боломжгүй, энэ бол боловсролын чанарыг үнэлэх зөвхөн нэг төрлийн үнэлгээ гэдгийг холбогдох мэргэжилтнүүд хэлж байна.

Элсэлтийн ерөнхий шалгалтад хамрагдсан шалгуулагчдын 80 орчим хувь нь их, дээд сургуульд элсэх боломжтой. Шалгуулагчид батламж хуудсаа цахимаар авч, их дээд сургуульд бүртгүүлнэ. Мөн энэ жилийн хувьд их, дээд сургуульд оюутан элсүүлэх журам шинэчлэгдсэнтэй холбоотойгоор  мэргэжлээс нь шалтгаалж босго оноог тогтоожээ.

Өнөөдрийн байдлаар боловсролын үнэлгээний төвд шалгалтын дүн онооноос шалтгаалсан 150 орчим өргөдөл гомдол бүртгэгдсэн байна.иймд ажлын таван өдрийн турш шалгуулагчдын өргөдөл гомдлыг хүлээн авч шалгалтын материалтай танилцуулан дахин гараар засуулах боломжтой гэдгийг холбогдох байгууллагаас мэдээлж байна.