Иргэдийн төлөөлөгч нь тухайн хорооны нийгэм эдийн засгийн баталгааг хангах гол үүрэгтэй албан тушаалтан юм. Энэ сарын 18-ны өдөр улсын хэмжээнд нийт 31 тойрогт иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийг сонгох нөхөн сонгууль боллоо.
Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль Баян-Өлгий, Булган, Архангай зэрэг 18 аймаг болон нийслэлийн Сүхбаатар дүүргийн 4-р хорооны 4-р тойрогт боллоо. Нөхөн сонгуульд нийт 39 нэр дэвшигч нэрээ дэвшүүлсэн юм. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 4-р хорооны 4-р тойрогт МАН, АН, ХҮН нам, ИЗНН-аас 4 нэр дэвшигч нэр дэвшсэнээс МАН-аас нэр дэвшигч 51.93 хувийн санал авч тэргүүлжээ. Тус хороонд 2800 орчим иргэн сонгуульд оролцох байсан ч ердөө 30 орчим хувь нь саналаа өгчээ. Нийт санал өгсөн иргэдийн 80 орчим хувь нь 40- өөс дээш насныхан байсан бол 18-19 насны 17 залуус сонгуульд оролцжээ. Иймд тухайн хороонд тулгамдаж байгаа нийгэм эдийн засгийн асуудлыг ахмад настнуудын саналд үндэслэн шийдвэрлэх тохиолдол их гардаг байна
Аль ч шатны сонгуульд залуусын оролцоо идэвх сул байдаг тул тэдний эрх ашиг хөндөгдөхгүй үлдэх магадлал өндөр байдаг. Тиймээс ирэх онд болох УИХ-ын сонгуульд 18-аас дээш насны залуус идэвхтэй оролцох шаардлагатайг мэргэжилтэн хэлж байна.