Одоогоос 12 жилийн өмнө дэгдсэн Сирийн мөргөлдөөнийг зохицуулах олон улсын яриа хэлэлцээг Казахстаны эрх баригчид анх санаачлан зохион байгуулж байжээ. Харин өнгөрөгч лхагва гарагт Казахстаны Гадаад хэргийн яамнаас Сирийн хямралыг зохицуулах яриа хэлэлцээг цаашид зохион байгуулах шаардлагагүй гэж үзэж буйгаа мэдэгдсэн нь ОХУ-ын эрх баригчдыг гайхшируулсныг хэвлэлүүд онцолжээ.
Сирийн дотоодын мөргөлдөөн, хямралыг зохицуулах яриа хэлэлцээ өрнүүлэх олон улсын санаачилгыг Казахстаны эрх баригчид гаргаж байсан төдийгүй өнгөрөгч лхагва гарагт тэд 20 дахь удаагийн хэлэлцээг Астана хотноо зохион байгуулсан байна. Харин хэлэлцээний төгсгөлд Казахстаны эрх баригчид цаашид ийм арга хэмжээ зохион байгуулах шаардлагагүй болсноо төлөөлөгчдөд мэдэгдсэн байна. Тэдний уг шийдвэр төлөөлөгчдийг ихэд цочирдуулжээ.
Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Казахстаны удирдлагууд 2017 оноос хойш Сирийн мөргөлдөөнийг шийдвэрлэх арга замын талаар Орос, Турк, Сири, Ираны төлөөлөгчидтэй яриа хэлэлцээ хийх боломжийг бүрдүүлсээр ирсэн юм. Уг хэлэлцээ нь зорилгодоо хүрсэн буюу хурцадмал байдлыг намжаан, цус урсгах явдлыг зогсоож, амь үрэгдэгсдийн тоог бууруулж чадсан гэж Казахстаны ГХЯ-наас мэдээлсэн байна. Мөн Сири улс нь саяхан “Арабын Лиг”-ийн эвсэлд эргэн нэгдэж, Турк улстай харилцаагаа сэргээх зөвшилцөлд хүрсэн нь Казахстаны санаачилга зорилгодоо хүрснийг харууллаа гэж Астанагийн зүгээс онцолжээ.
Казахстаны уг шийдвэр үнэхээр гэнэтийн байсныг өнгөрөгч лхагва гарагт Сирийн хямралыг зохицуулах “Астанагийн сүүлийн хэлэлцээнд” оролцсон ОХУ-ын төлөөлөгч мэдэгджээ. Тэрээр хэлэлцээ дууссаны дараа "Казахстаны Гадаад хэргийн яамны энэхүү алхам үнэхээр гэнэтийн байсан” хэмээн хэлсэн байна. НҮБ болон Сирийн хөрш Йордан, Ливан, Ирак зэрэг орны төлөөлөгчид Астанагийн хэлэлцээнд ажиглагчаар оролцсон байна.
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин 2015 оны 9-р сард Сирид цэргийн тусгай ажиллагаа явуулах шийдвэр гаргаж, Сирийн ерөнхийлөгч Аль-Асадын Засгийн газарт Ираны тусламжтайгаар цэрэг армийн дэмжлэг үзүүлэхээр болж байсан юм. Харин Сирийн босогчид Засгийн эрхийг гартаа авахын тулд Туркийн Засгийн газраас санхүүгийн болон зэр зэвсгийн тусламж авч байсан төдийгүй эцэстээ дотоодын мөргөлдөөн даамжирсаар хямрал нүүрлэсэн юм. Өдгөө Сирийн зарим бүс нутаг босогчдын хяналтад байгаа ч нөхцөл байдал Аль-Асадын хяналтад орсон гэж ажиглагчид дүгнэж байна.
Сирийн хямралын уршгаар 500 гаруй мянган хүн амиа алдаж, Сирийн 23 сая гаруй хүний тал хувь нь дотооддоо болон хөрш зэргэлдээх улсууд руу дүрвэснийг НҮБ-ын албаны тоо баримтад дурдсан байна.